Connect with us

Нийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ.

“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ, АКАДЕМИЧ СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ:
Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн, хамгийн дээд одон, Их эзэн “Чингис хаан” одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье.

Монгол Улсын маань газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, амин зуулгад тохирсон тогтвортой хөгжил цэцэглэлт, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь Их эзэн Чингис хааны маань та бидэнд үлдээсэн үнэт сургаалийн эрдэнэсийн сан, эрхэм бээрийн цаглашгүй их өвд оршиж байгааг миний бие ухаарч ойлгоод, иргэн бүрийнхээ ой санамжид монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлсэд нэн хэрэгтэй сургамжийг нь олж авахын төлөө эрэлхийлэн хайх, судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан сургамж, дүгнэлтийн заримаас нь энэ сайхан “Монгол бахархлын өдөр” та бүхэндээ хураангуйлан товч айлтгая.

Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрөх ёс, амьдралаа авч явах монгол айл өрх бүрийн арга билиг, гал голомтоо залгуулан үр хүүхдээ эгэл жирийн амьдралд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал, элгэмсүү их монгол хэлд маань оршин байсан байна.

Монгол бахархал бас өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж, цаашдын ажил үйлсийнхээ зүг чиг, эрч хүчийг олж авахад оршиж байжээ.

Монгол бахархал харийн улс гүрний аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй, нэг л мэдэхэд буцаад буурин дээрээ эргээд буучихдаг монгол хүмүүний язгуур мөн чанар, генд нь хадгалагдаж иржээ.

Ямар ч хүн өөрийнхөө гэр оронд өвлөж, нүдний цөцгий мэт нандигнаж ирсэн уламжлалаа хадгалахыг эрмэлздэгийн адил үзэсгэлэн төгөлдөр эх орныхоо хөрс шороон дээр таван хошуу мал сүргийн аж ахуй бүхий бэлчээр дагасан соёл иргэншлийн аж төрөх ёс, мөнхөд оршин байхыг нэгэн цагт хүн төрөлхтний дотор асаж байсан жинхэнэ аз жаргалант амьдралын гал цог бадарч, эцэг тэнгэрээс заяасан эрч хүч цогцолсон амьдралын уламжлалт хэв маягаа үргэлж хадгалж явцгаахыг Их эзэн Чингис хаан монголчууд бидэндээ хичээнгүйлэн захиж үлдээжээ.

Их эзэн Чингис хааны маань нандигнаж байсан гурван үеийнхний амин хэлхээ холбоог хэрэв салгавал монголчууд бид өөдлөхгүй гэдгээ ухаарах цаг үетэй золгосон байна.

Их эзэн Чингис хааны маань бий болгосон монгол бахархал нь өвөг дээдсийнх нь генээр дамжиж, эрхэм бээрт өвлөгдсөн дараах билиг оюунаас ундарч гарсныг судалгааны зарим үр дүн баттай харууллаа.

Их эзэн Чингис хаан маань монгол зарим хүмүүний бүдүүлэг, цэвдэг сэтгэлийг нь эелдэг, найрсаг, зочломтгой, шударга бусыг цэх голч шударга, залхуу хойрго, унхиагүйг нь ажилсаг, хөдөлмөрч, ханашгүй шунахайрлыг нь эс шунахуй, эрээ цээргүйг нь ичиж эмээдэг болгож өгсөн байна.

Түүнчлэн хүний мөсгүйг нь жудагтай, харгис хэрцгийг нь нинжин, худал хуурмагийг нь үнэн, хэн нэгнийхээ найдвар хөсөрдүүлэхийг нь итгэл даадаг, нэр хүндээ унагахыг нь нэр төрөө дээдэлдэг, амин хувиа хичээхийг нь нийтэч, хамтач болгож өгчээ.

Их эзэн Чингис хаан маань хэн нэгнийхээ тусыг хариулж чадахгүй юм аа гэхэд эргээд гай төвөг учруулдаггүй, сэтгэлийн тэнхээ муутайг нь тэсвэр тэвчээртэй, хагарал талцал, дайсагналыг нь эв эе, үзэн ядалт, өш хонзон, хорон муу санаархлыг нь өгөөмөр, атгаг бус сэтгэл, эргэж буцдаг шарвалтыг нь урвашгүй чанар болгон хувиргаж өгч байжээ.

Ингэсний үр дүнд XIII зуунд цул нэгдмэл, хүчирхэг монгол үндэстэн бүрэлдэж, тэдний сэтгэлийн эерэг сайхан энергид харийнхан өөрийн эрхгүй татагдаж, улмаар дэлхий дахинд 100 жилийн туршид шударга ёс, энхийг тогтоох ариун үйлсийг та бидний гайхамшигт өвөг дээдэс оройлон манлайлж, энэ хорвоогийн хүн ард эвтэй найртай эн зэрэгцэн аж төрөх нөхцлийг бүрдүүлж өгч байжээ.

Их эзэн Чингис хааны маань “Хаан миний бие их хээр талд аж төрөн сууж, цэх шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, идэх хоол, өмсөх хувцсаа адуучин, үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эе эвийг сахиулан энэрэл хишгээ түгээж явна аа” хэмээсэн айлдвар нь төр, засгийг барилцаж яваа хүмүүст хандсан нэг ёсны гэрээс өнөөдөр бас хатуу анхааруулга болж байна.

Монголчууд бид бүгдээрээ төрөлх Монгол эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг билээ.

Тийм учраас Их эзэн Чингис хааныхаа “Эцгийн нэрийг үр хүүхэд нь амьдруулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжилнам уу” хэмээсэн айлдварыг нь үеийн үед монгол хүн бүр сүсэглэн дагаж явах нь энэ хорвоод монголчууд та бид төрөлх эх орондоо монголоороо үлдэх цорын ганц боломж ч байж болох юм.

Монголын ард түмэндээ мэхийн гүн хүндэтгэл, талархлаа дахин илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Танд Их эзэн Чингис хааны тухай бүтээлээсээ англи, орос, герман, солонгос, казах зэрэг хэлнээ хөрвүүлэгдэж, гадаадын зарим улсын хэвлэлийн газар нийтийн хүртээл болгосноос нь өргөн барья.

Их Богд эзэн Чингис хааныхаа гал голомтыг сахиж суугаа эрхэм бээрийн үр сад, Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ.

Их хааныхаа “Миний сургаалыг мянган онд хувиргалгүй, түмэн үедээ өөрчлөлгүй, ургийн ургаараа мөрдөн журамлатугай” хэмээснийг нь чанд сахин биелүүлж чадах юм бол та бидний буян хишиг арвижиж явахын билгэтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Баярлалаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!