Connect with us

Улс төр

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Published

on

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг чанд мөрдөн ажиллах талаар харьяа байгууллагын удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах;

-Төрийн байгууллагын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж, хүүгийн төлбөр, хүүхдийн мөнгө, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, онцгой байдлын байгууллагын шаардлагатай урсгал зардлыг тэргүүн ээлжид, бусад зардлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрэмбийн дагуу санхүүжүүлэx;

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг дурсгалын зүйл бэлтгэхгүй байх;

-Тэвчиж болох дараах арга хэмжээ, зардлын санхүүжилтийг 2025 он дуустал хугацаанд зогсоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай байдлаар зохион байгуулах;

Хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг  барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилголр дараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байна.

Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолоор Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК-д ашиглуулах эрх олгосон байдаг. Харин тус газраас зориулалтын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг Хилийн боомтын захиргаанд буцаан шилжүүлж, уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Мөн “Оюу толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам нь өдрийн 10:00–14:00 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд бусад цагт ачаалалгүй байдгийг харгалзан, уг замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглах боломж бүрдүүллээ. Ингэснээр тус авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр нүүрс тээврийн зохион байгуулалт сайжирч, хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэн, нүүрсний экспортын биет хэмжээ өснө гэж үзэж байна.

Товч мэдээ

· Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

·  Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх хяналт шалгалтын тайланг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Гадаад улсын Фулхам, Си Эн Эн, Эдэлмэн зэрэг хуулийн этгээдүүдийг сонгох болсон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тайланд дурджээ.

·  Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн сахилгын хороонд шилжүүллээ.

·  Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн  үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгалаа.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!