Connect with us

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Хүн төрөлхтний түүхийн хүрд нэгэн оныг үдэж буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр бол гэр бүл, айл өрх, улс үндэстнээрээ ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг хүн төрөлхтний баяр билээ.
Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж, зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна.
Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй 2025 он монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гаргаж, түүх, соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.
Ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.
Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүллээ.
Мөн буянт мал сүргийнхээ түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч эхэллээ.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар ханган, төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Улиран одож буй 2025 онд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.
Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан олон улсын тавцанд эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Ирж буй шинэ ондоо төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа улам бататгаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэл нэгэн хэмнэлд цохилох баярын энэ үдэш шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж буй монгол түмэндээ хайр хүндлэл, амжилт бүтээл, урам зоригоор бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Төрийн тэргүүн тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Айлчлан ирж буй 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!