“Бид нэг удаагийн эргүүлээр ердөө тавхан километр газарт 50 орчим цагаан зээрийн сэг олсон. Харин хоёр өвөл дараалж 64 км төмөр замын дагуу 250 гаруй зээр торонд орооцолдож үхсэн байв…”
Идэш тэжээл хайж торонд орсон зэрлэг амьтад галт тэрэгний чимээнд цочин зугтахдаа өлгөгдөж үхдэг. Зэрлэг амьтдын бодит байдал энэ. Байгаль хамгаалагчдын олон жил ярьсаар ирсэн, шийдэл нь тодорхой ч алхам нь хойшлогдсоор ирсэн асуудал.
Өнгөрсөн долоо хоногт бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их Нартын байгалийн нөөц газрыг зорьсон билээ. Тэндээс байгаль хамгаалагчдын бодит амьдрал, хамгаалалтын менежмент, судалгаанд суурилсан хамгаалалт зэргийг сурвалжилсан.
Харин энэ удаа амьтдын амьдрах орчин, тэдний өмнө тулгарах аюул заналхийллийн талаар хөндлөө.
Их Нарт бол аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээрийн ховор популяц бүхий газар. Өмнө дурдсанчлан энэ бүс уул уурхайн лицензтэй газрын дунд “арал” хэлбэрээр орших хамгаалалтын ганц цэг.
Их нартад 500 орчим аргаль хонь, 150 орчим янгир ямаа, 200 орчим хар сүүлт бий. Хамгаалалтын захиргаатай болж 25 жил хамгаалж байгаа ч төмөр замын тор, уурхайн хоригоос болж амьтдын нүүдлийн зам хязгаарлагдаад удаж байгаа аж.
Амьтдын байгалийн нүүдлийн замыг хаах нь төрөл зүйл устах, цус ойртох аюулыг бий болгодог. Энэ бол зөвхөн амьтны асуудал бус, үндэсний аюулгүй байдал, экосистемийн тогтвортой хөгжлийн суурь үзүүлэлт.
ТӨМӨР ЗАМЫН ТОРОНД ЭНДЭЖ БУЙ ХАР СҮҮЛТ
Монголын төмөр замыг 70 жилийн өмнө барьсан. Гэвч тухайн үед зэрлэг амьтдын нүүдэл, экосистемийн уялдаа холбоог огт тооцоогүй. Харин өнөөдөр энэ зам амьтдад эрсдэх гол шалтгаан болоод уджээ.




