Connect with us

Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Published

on

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Ард түмний элч төлөөлөгчид өө,

Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.

Ард түмний элч төлөөлөгчдийн олон ургалч үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын, олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент, мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно. Улс орны эрх ашгаа эн тэргүүнд, улс төрийн намын асуудлаа хойш нь тавьж, Үндсэн хууль дээдлэн сахих өргөсөн тангаргаа баримталж, хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг Та биднийг элч төлөөлөгчөө болгосон олон түмэн шаардаж байна. Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг, гагцхүү шударга ёсонд суурилсан эв эеийг хичээн улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая.

Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн нь гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүний шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно.

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай.

Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж байгаа МАН-ын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр, эрх тэгш хүндэтгэлтэй хандах болно. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын гишүүдээс илүү эрх эдлэх биш, илүү үүрэг хүлээсэн ажил алба. Улсын Их Хурлын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хэлэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын бусад гишүүнтэй адил ард түмнээс сонгогддог, Улсын Их Хурлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй.

Үндсэн хуулийг дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой. Үндсэн хууль, хууль дээдэх ёсны өмнө улс төрийн нам, нас, хүйсийн ялгаа зааг, ямар ч дабл стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү, тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус улс орны, ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь Та бидний онцгой үүрэг юм.

Улсын Их Хурлаас батлан гаргасан хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд намчирхалгүй хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, шийдлээ хүлээсэн асуудлын гарц шийдлийг олж, хүний эрхийг зөрчсөн, улс орны хөгжилд саад болсон хуулийн гох дэгээг тайлж ажиллах болно. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд парламентын хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж, шаардаж ажиллана. Монгол Улсын таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагыг шуурхай мэдрэн, санал санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг үе, бодит нөхцөл байдал шаардаж байна. Улсын Их Хурлын хэлэлцэн баталж байгаа тогтоол шийдвэр бүхэн Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгах, ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн харилцааг төгөлдөршүүлэхэд чиглэх учиртай.

Улсын Их Хурал энэ өдрүүдэд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулсныг хэлэлцэж байна. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна. Улсын Их Хурал төрийн зуршлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарч, Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого ДНБ-ий харьцааг 2026 онд 30.9 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасаж, зах  зээлийн боломж улам өргөжихийн эхлэл болсон. Төсвийн нийт зардал ДНБ-ий харьцааг 2028 он гэхэд 28.6 хувь болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөл боломж бий болно. Энэхүү орон зайд Засгийн газраас олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа татварын багц хууль, хувийн өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг, Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг, Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн төслийг Улсын Их Хурал намрын чуулганаараа батлах болно. Эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж байгаа 110 хууль, нийт 378 хуулийг хиймэл оюунд тулгуурлан илрүүлсний гох дэгээг энэ хуулиар тайлж байгаа шигээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулиас эдийн засгийн эрх, эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиуд дээр хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулах болно. Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хөгжлийн гарц мөн. Хөрөнгө оруулалтыг дагаад дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар нэмэгддэг. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл саруул орчныг энэ танхимд бүрдүүлэх хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинэчлэл хийх шаардлага тавигдаж байна. Татварын шинэчлэлийн үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хэвшилд орон зай, хөгжих зам нээхэд оршино. Төсвийн тэлэлтийг хязгаарлах нь цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгах болно. Аж ахуйн нэгжүүд монгол хүнд ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж, үнэлснийхээ төлөө илүү их шимтгэл төлөөд байвал “Халамжаас хөдөлмөрт” бодлого бодит ажил хэрэг болохгүй. 2021 онд Улсын Их Хурлын гишүүний хувиар санаачилж байсан Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийн төслийг баталж, олон давхаргат тогтолцоонд шилжүүлж, ахмад настан олон төрлийн сангаас тэтгэвэр авах тогтолцоог бүрдүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагчдын дундаж цалингийн 35 хувьд хүргэх зорилтыг биелүүлэх хөшүүрэг болох болно.

Данхар, том төрөөс ухаалаг, цомхон төрд шилжихийн тулд чиг үүргийн хийдэл давхардлыг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх, төрийн албанд үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох хууль эрх зүйн эрс өөрчлөлт шинэчлэлт нэн шаардлагатай байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал яаралтай баталж, хяналт тавьж, төр хувийн хэвшилтэй өрсөлддөг компани цаашид байгууллахыг хуульчлан хориглох, төрийн өмчит компаниудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхайлахад ташуур өгөх ёстой. Эрүүл тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.

Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ. Ингэснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүү буурч, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Банкны реформыг эрчимжүүлж, эх үүсвэрийн зардлыг бууруулах, инфляцын түвшин тогтворжих орчныг бүрдүүлэх замаар санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг аажмаар бууруулах боломжийг тэлнэ. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хариуцлагатай хөрөнгө оруулалт татах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Өнөөдөр дундаж тэтгэврийн хэмжээ 867 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байгаа бөгөөд дундаж тэтгэврийн зээлийн хэмжээ 6.4 сая төгрөг, хүү 16.4 хувь байна. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 24 сар байгааг 36 хүртэлх сар болгон ахмадууддаа ээлтэй болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Даатгалын зах зээлийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, шинэ шатанд гаргаж, салбарын эрх зүйн орчныг иж бүрэн шинэчилж, тогтвортой өсөлтийг хангах эрх зүйн шинэтгэлээ эрчимжүүлнэ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдаж, хараат бус, ил тод, хариуцлагатай засаглал бүхий тогтолцоог хуулиар бүрдүүлнэ. Орлогод суурилсан зорилтот бүлгийг дэмжих, орон сууцжуулалтын бодлогын хүрээнд хөнгөлөлттэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийн хийдлийг арилгана.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалч үзэл бодлоо уралдуулцгаая. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллацгаая.

Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!