Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.