Connect with us

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

Published

on

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя. Байгалийн баялаг бол геологийн процессын олон зуун сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэн бий болдог бөгөөд ашигт малтмалын орд урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдашгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхийн үечлэл бүхэнд байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн байсаар ирсэн.

 

“Аж үйлдвэрийн хувьсгал”-аас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өссөнөөр дэлхийн геополитикийн бодлогын гол төвд гарч, XX-XXI зуунд дэлхийн стратегийн бодлогын салшгүй нэг хэсэг болон хувирсан.

 

Өнөөдөр зэс, газрын ховор элемент зэрэг цахим технологи, сэргээгдэх эрчим хүч, батерей, хиймэл оюун ухаан, цэргийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалууд стратегийн ач холбогдолтой болж, их гүрнүүдийн өрсөлдөөний гол талбар болж буйг бид бүхэн харж байна. Байгалийн баялаг бүрэлдэн бий болоход олон зуун сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүхий л улсад нийгмийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай болдог. Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд нь одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг.

 

Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсуудын хувь нийлүүлсэн “Монголор” хамтарсан нийгэмлэг 1900 оны эхэн үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. 

 

Энэ цаг үеэс хойш манай улсад ашигт малтмал, геологи хайгуулын судалгаа эрчимжиж, 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны суурь болсон юм. Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол, зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар ирсэн. Кувейтын Хөрөнгө оруулалтын Сан анх 1953 онд Лондонд байгуулагдсанаар Баялгийн сангийн орчин цагийн түүх эхэлдэг.

 

Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялгийн сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд 100 гаруй сан, нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгө удирдаж байна. Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн баялгийн сан байгуулах алхам хийж, 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв сан байгуулж байсан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилснаар Үндэсний баялгийн сангийн тогтолцооны эрх зүйн суурь зарчим тавигдсан гэж үзэж болно.

 

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 4 дүгээр бүлгийн 6-д заасан зорилтыг хангах хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч, иргэн бүхэн E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн нь үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл юм.

 

Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн, “Баялагтаа Эзэн Монгол” уриаг дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, зөвшилцөж баталсан Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд, парламентын эрхэм гишүүд Та бүхэнд талархал дэвшүүлье.

Баялгийн санг бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр, нийгмийн халуун мэтгэлцээн дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй ээ. Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээн ч өөрийн онцлогт тохирсон Үндэсний Баялгийн санг үндэслэн байгуулж, арвижуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь баялгийн сангийн эерэг үзүүлэлт юм.

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

 

Одоо Та бүхэнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхлэсэн нэг жилийн дүгнэлт, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн саналд үндэслэн цаашид баримтлах үндсэн чиглэлийн талаар товч танилцуулъя.

 

Цар тахал, дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулж, Олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэндээ хоёр дахь удаагаа хэвийн хэмжээнээс хоёр дахин өслөө.

 

Энэхүү тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байх учиртай. Энэ бол Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх явдал билээ. Манай улсын төсвийн орлогын 31 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлуулж буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг.

 

Уул уурхай, ашигт малтмал ашигласны “нөөцийн төлбөр” (royalty) нь Английн хууль, эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлөлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг байжээ.

 

Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна.

 

Тиймээс “нөөцийн төлбөр” (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж,

 

  • Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж,
  • Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт,
  • Хөгжлийн санд таван хувийг нь,
  • Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж,

 

-Ирээдүй хойч үедээ 33 хувь,

-Иргэдийн хуримтлалд 33 хувь,

-Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж байна.

 

Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна. Эрхэм парламентын гишүүд Та бүхнийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг хэлэлцэн дэмжихийг хүсье. Эрхэм уул уурхайн компаниудын удирдлага Та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урьж байна. Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе” гэлээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!