Connect with us

Улс төр

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Published

on

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай шууд холбоотой шинж тэмдгийн улс төрийн үйл явдлуудын хөшиг нээгдэхэд ойртож байх шиг байна. УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “…За, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз.

Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэв.

Энэ нь улс төрийн орчинд зарим нэг хөдөлгөөнийг үүсгэв. Л.Оюун-Эрдэнийн хариултын дараа УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “…Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын эмэгтэй гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй. Оюу толгойн борлуулалтын орлого Монголбанкаар орж ирдэггүй. Монгол төгрөгийн уналт, валютын өсөлт дээр ямар бодлого баримталж байгаа юм. Стратегийн ордуудыг нэмэх асуудлыг иргэд ярьж байна. Үүн дээр ямар ажил хийж байгаа вэ” гэв. “…Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулъя” гэж Х.Баттулга ярьдаг байв. Түүнийг нь Д.Жаргалсайхан үргэлжлүүлэн ярьж буй аж. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Баялгийн сан бүрдэх процесс Оюу толгой, Эрдэнэт дээр нэлээд асуудал болсон. Оюутолгойн 2.3 тэрбум ам.доллар тэглэгдэхгүй болохоор 34 хувьтай холбоотой асуудлыг Баялгийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж хуульчлах боломжгүй болж асуудал болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь маргаантай байхаар 34 хувь нь Хуримтлалын санд орох боломжгүй. Дээрээс нь “Хөтөл цемент шохой” компанийн асуудал үүссэн. Энэ бүхнийг шийдэж байж, түрүү жил хууль баталсан. Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий. Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой” гэж хариулав. Харин “…УИХ-ын гишүүн эмэгтэйд бүдүүлэг дайрлаа” гэсэнд нь “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай. УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх.

Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн юм.Харин Ж.Баярмаа Ерөнхий сайдын үгэнд ихээхэн эмзэглэжээ.

Тэрээр чуулганы хуралдааны дараа Цэцийн гадна очиж сэтгүүлчдийг дуудав. Тэгээд “…Л.Оюун-Эрдэнэ намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил юм. Намайг С.Баярцогтоор үг заалгадаг гэлээ. Би тэгдэггүй. Өөрөө үгээ бичиж, хэлдэг. Миний насыг ч судлах хэрэгтэй. Би АН-ын дэд дарга, С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар ажилладаг. Бид уулзалгүй хэдэн сар болж байна. Миний зүгээс хэдэн гишүүдтэйгээ ярилцаад АН-ын бүлгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцана” гэв. Харин, Ерөнхий сайдын эрхэм гишүүдэд хэлсэн үгийг “орчуулбал” наадах улс төрийн цаадах учир жанцан бараг л ойлгогдохоор байна. Тухайлбал, “…“Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз” гэсэн нь юуны түрүүнд одоо яригдаж буй Ухаахудаг, Төгрөг нуурын ордтой холбогдоно. Эдгээр ордтой холбоотой ноцтой материалуудыг УИХ-д хүргүүлсэн гэсэн үг. Тэр агуулгаараа, С.Баярцогтыг нэр заасан ч Х.Баттулга бас нэрлэгдэж байгаа хэрэг.

Х.Баттулга, С.Баярцогт хоёрын тухайд наанаа зөрчилдөж харагддаг, өөрсдөө ч ийм утгатай үг унагадаг ч цаагуураа нэг бөгөөд нягт ойр харилцаатай. Үүнийг олон факт нотолдог. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Их тэнгэрт АН-ын нэг том хуралдаан болсон. Тухайн үед хууль хяналтынхан Х.Баттулгыг шалгаж эхлээд байв.

Үүнд бухимдсан Х.Баттулга “…Ийм тохиролцоо байдаг юмуу. Хоёр сайдаа татаж, Засгийг чинь унагана. Би АН-д гай тарьж байгаа бол намаас гараад бие даая. Би Баянхонгортоо, С.Баярцогт Сэлэнгэдээ бие даахад сонгогдоод л хүрээд ирнэ” гэчихээд хаалга саваад гарсан байдаг. Мөн УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин “…Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүний тохирооны улмаас АН-ын маш олон залуу хохирол амсаж болохгүй. Өнгөрсөн найман жилийн турш энэ намын өрхийг таталцаж, хаяаг нь манаж, галыг нь бадрааж явсан хүмүүс яагаад ордны хуйвалдааны золиос болох ёстой юм бэ” гэж байв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны аравдугаар сарын 19-нд болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы үеэр “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. “…Эдийн засгийн төслийг явуулахгүй” гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлж байсан юм.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлээд УИХ-ын танхимд нэр бүхий улстөрчдийн, баялагт эзэн суусан хүмүүсийн микрофон болж, үгийг нь дамжуулж суудаг гишүүдэд ч дээрх үгийг хэлээд байх бололтой.

Гэхдээ өнгөрсөн баасан гаригт хэлсэн үгэнд нь эмзэглэсэн С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг өмөөрч жагсаал хийх тухай ярьжээ. Учир нь, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын хүмүүс “…Дөрөвдүгээр сарын 27-нд жагсаал зохион байгуулна” гэж яриад байгаа юм. Үүн дээр Баялгийн сан дээр ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талууд ч тос нэмэхээр ажиллаад эхэлжээ. Товчхондоо, энэ нь Ухаахудаг, Төгрөг нуурын ордынхны хариу улс төр аж.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!