Улс төр
Монгол дээлтэй, Монголд ээлтэй Акиэ
“НӨХӨРТЭЙГӨӨ ХАМТ ШИРТСЭН ОДОД ТҮГСЭН ТЭНГЭР ӨНӨӨГ ХҮРТЭЛ СЭТГЭЛД ТОДХОН БАЙДАГ”
Японы Ерөнхий сайд агсан, монголчуудад туйлын элэгтэй, дотны анд нь байсан Шинзо Абэ агсны гэргий Абэ Акиэ Монголд иржээ. Ирэх ирэхдээ бор торгон монгол дээл өмсчихсөн цэмцийгээд явж байна. Монгол дээлтэй Акиэ Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр өдгөө ажиллаж буй. Тэр шугамаараа Абэ Акиэ УИХ-ын Тамгын газар, НҮБ, “КОЙКА” буюу БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэ сарын 21-22-нд Улаанбаатарт зохион байгуулсан “Бид эмэгтэйчүүд” сэдэвт орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд хүндэт зочноор оролцсон юм.

Хатагтай Абэ Акиэ бор торгон дээлтэйгээ Төрийн ордны “Их Хуралдай” танхимын индэр дээрээс сэтгэл хөдөлгөсөн сайхан үгсийг хэллээ. Хатагтай Акиэ “Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. Миний бие ч 2013, 2015 онд нөхрийн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол Улсад дахин ирэх боломж олдлоо.
Өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна. Олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцая. Японы Засгийн газраас 2014 онд Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болоод байна.
Би хувьдаа, эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд дан ганц өөрсдийн чармайлт төдийгүй, эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ӨРГӨЖИН ТЭЛЭХ” ХҮЧ, ЭРЧҮҮДИЙН “ӨНДӨРТ ХҮРЭХ” ХҮЧИЙГ НЭГТГЭЖ БАЙЖ Л ИЛҮҮ САЙХАН НИЙГМИЙГ ЦОГЦЛООНО
Хатагтай Абэ Акиэ цааш хэлэхдээ “Сүүлийн хэдэн жилд бид “Салхины эрин”-д хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “Эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна. Үнэт зүйлс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “Өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “Өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна. Энэ жил Япон улсын Эзэн хаан, хатан нар Монголд айлчлах гэж буйг сонсоход үнэхээр баяртай байна. Энэ нь бидний өвөг дээдэс, мөн миний нөхөр, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нарын хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээсээр ирсэн Япон-Монголын харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бодит бэлгэ тэмдэг билээ” гэв.

Хатагтай Абэ Акиэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзсан нь мөн л гүн хүндэтгэлийн илрэл болсон юм. УИХ-ын дарга энэ үеэр “Япон Улсын Ерөнхий сайд агсан, монголчуудын дотны анд нөхөр Шинзо Абэ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажилладаг нэгэн байсан бөгөөд Монгол Улсад гурван удаа айлчилсан гэдгээр хоёр орны гадаад харилцааны түүхэнд бичигдэн үлдсэн юм” хэмээн онцолж байлаа.
МОНГОЛ НООЛУУРАН ОРООЛТ, БОР ТОРГОН ДЭЭЛ ХОЁРЫН ХООРОНД ЯГ ЕСӨН ЖИЛ, НАЙМАН САРЫН ЗӨРҮҮ БУЙ
Хатагтай Абэ Акиэ хэзээнээсээ Монголд гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн бүсгүй. 2015 оны аравдугаар сарын 22-ны өдөр. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд онцгой үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн юм. Онгоцноос тэднийг буухад юуны түрүүнд хатагтай Акиэгийн хүзүүндээ зүүсэн Монголын үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн ноолууран ороолт хүндэтгэн угтсан албаныхан болоод сэтгүүлчдийн нүдэнд тун содон туссан билээ. Зүгээр ч нэг цэцэг навчтай бус, монголчуудын нүүдэлчин ахуйг харуулсан алдарт “Монголын нэг өдөр” зургийг шигтгэсэн чамин ороолт. Нисэх онгоцны буудалд угтагсдын дунд “Акиэ Абэ хатагтай тохиолдлоор ийм ороолт зүүгээгүй нь тодорхой. Монгол ахуйг шингээсэн дүрслэл бүхий энэ ороолт нь мэдрэмжтэй дэгжин бүсгүй гэдгийг нь харууллаа” гэлцэж байсан. Бор торгон дээлтэй Абэ Акиэгийн дараагийн төрх бол 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр. Монгол ноолууран ороолт, бор торгон дээл хоёрын хооронд яг есөн жил, найман сарын зөрүү буй.

Хатагтай Абэ Акиэ өөрийн нөхөр Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хамтаар Монголд хоёр удаа айлчилсан бөгөөд бүр тэр үед л цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан эмэгтэй. Дахин ирэх бололцоо гарвал монгол морь унах хүсэлтэй гэдгээ ч хэлж байсан, боломжтой бол энэ удаа мөрөөдлөө гүйцээх биз ээ.
“ДОТООДЫН СӨРӨГ ХҮЧНИЙ НАМ” ХОЧТОЙ АБЭ АКИЭ
Ноён Шинзо Абэ 1987 онд нэгэн улстөрчийн туслахаар ажиллаж байхдаа Акиэ Мацүзакитай гэрлэсэн нь өнөөгийн Монголд элэгтэй хатагтай Абэ Акиэ. Шинзо Абэ 33-тай, Акиэ Мацүзаки 25-тай, найман насны зөрүүтэй, монгол ёсоор бол ивээл жилтэй байв. Хатагтай Абэ Акиэ япон бүсгүйчүүдийн хүлцэнгүй, хүлээцтэй, чимээгүй, нөхрийн сүүдэр дор нам жимхэн суудаг уламжлалаас эрс өөр зантай. Нөлөө бүхий нөхрийнхөө сүүдэр дор “нуугдахаас” татгалзаж үзэл бодлоо чөлөөтэй хуваалцан, тэр бүү хэл санал зөрсөн үед маргалдчихдаг, эмэгтэйчүүдийн эрх, тэдэнд тулгамдсан асуудлуудаар нөхөртэйгөө зөвшилцөж, шийдвэр гаргуулахын төлөө тэмцчихдэг, эрс нээлттэй, орчин үеийн үзэл бодлоороо алдартай, барууны орнуудын Тэргүүн хатагтай нартай найзлаж, барууны хэв маягийг бүтээсэн эрч хүчтэй дайчин эмэгтэй. Ямар сайндаа л хуучинсаг, эмэгтэйчүүдийг сул дорой байхыг ёс уламжлал хэмээн гүнээ итгэдэг япончууд улсынхаа Тэргүүн хатагтай Акиэ Абэд “Шинзо Абэгийн дотоодын сөрөг хүчний нам” хэмээх хоч хайрлаж байх билээ дээ. Тэр бүү хэл хатагтай Акиэ Абэ Токиогийн “Ниппон Будокан” дэвжээнээ нагинатазюцу буюу нагината хэмээх махир илдээр тулалдах японы урлагийг үзүүлсэн гэж байгаа. “Би тэмцээн уралдаанд ордоггүй зөвхөн гэртээ л бага зэрэг дасгал хийдэг. Энэ урлагаар 2007 оноос хойш хичээллэж байна” гэж хатагтай хэлсэн байдаг.
ЭМГЭНЭЛТ ХЭРЭГ АБЭ АКИЭГ МОХООСОНГҮЙ
2022 оны долоодугаар сарын 8-ны бага үдийн 11:30 цагийн орчимд Нара хотын гудамжинд аймшигт хэрэг гарч, Абэ Шинзо буудуулан амиа алдсан билээ. Дэлхий даяараа КОВИД-19 цар тахлын ард дөнгөж гарч байхад шүү. Абэ Шинзо удахгүй болох гэж байсан Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд оролцож байжээ. Сум зүрхэн тус газар нь нэвтэрч, цус ихэд юүлэгдсэний улмаас тэрээр эмнэлэгт ухаантай очсон ч 67 насандаа таалал төгссөн.
Эцэг, эхийн хоёр талаасаа улс төрийн элит гэр бүлээс гаралтай Абэ Шинзогийн өвөө Абэ Кан, эцэг Абэ Шинтаро нар улстөрч, элэнц өвөө нь Японы эзэн хааны армийн алба хаагч байжээ. Абэ Шинзогийн ээж Ёко Киши ч Японы Ерөнхий сайд асан Нобусуке Кишийн охин юм. Абэ Шинзог төрийн эрхэнд байх хугацаанд Японы ажилгүйдэл сүүлийн 20 жилд үзэгдээгүй доод түвшинд хүрч, эдийн засаг 12 хувиар өсөн хүчирхэгжиж байсан билээ.
Абэ Шинзо Монгол Улсад гурван удаа айлчилсны хамгийн сүүлийнх нь 2016 онд албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон явдал байв. Эмгэнэлт хэрэг гэргий Абэ Акиэг мохоосонгүй, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж, элэгсэг дотно ханддаг Монгол орондоо бор торгон дээлээр гоён айлчилж байна.
https://news.zindaa.mn/53cm
Улс төр
Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.
2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан.. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.
Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.
Улсын ирэх оны төсвийн хэлэлцүүлэг амаргүй нөхцөлд өрнөснийг бид бүгд харсан. Ажил хаялт, цалин тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлагад үндэслэн анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зохих өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 12.7 хувиар жигд танасан. Энэ хасагдсан, хэмнэгдсэн, өөрчлөгдсөн зүйлүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой байдлын салбарын төсвөөс огт хасаагүй, хөндөөгүй гэдгийг Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.
Ахмадуудын тэтгэврийг хуульд заасны дагуу инфляцын төвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр баталсан. Засгийн газраас тэтгэвэр нэмэх аргачлалыг боловсруулж батлахдаа бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална гэдгийг Т.Аубакир сайд онцлов. Багш нарын цалинг нэмэхдээ салбарын ажилтнуудын цалинг орхигдуулахгүй гэдгийг сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.
Улс төр
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.
Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан юм.

Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.” гэснийг нарийвчлан зохицуулах, улмаар “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж шинэчлэн тусгахаар боловсруулжээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан заасан гэв.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа явдалд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийг хуулийн дагуу явуулахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
“Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ.
Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл, тус бүр 15 мянган ширхэг ширмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
800 гаруй ажилтан нь компанийнхаа 65 хувийн хувьцааг эзэмшдэг нь хамтын зорилго, хариуцлага, урт хугацааны үнэнч байдлын илэрхийлэл гэдгийг компанийн удирдлага танилцууллаа.
Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэн олгож байх, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөх хугацааг дөрөв биш, 6-10 жил болговол аж ахуйн нэгжүүдэд улам их дэмжлэг болохыг хэлж байлаа.
Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуйн нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 2024 оны мөн үетэй харьцуулахад самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгджээ.
Цагаан алт хөтөлбөрийн үр дүнд гутал үйлдвэрлэгчид 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.
1993 онд байгуулагдсан “Брэнд гутал” ХХК 20 орчим ажилтантай. Жилд 15-20 нэр төрлийн, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн 11-15 мянган хос гутал үйлдвэрлэдэг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд жилд эмч, сувилагч нарт 100 хос арьсан углааш, зорилтот бүлгийн сургуулийн насны хүүхдүүдэд 140-150 хос, 2-5 настай, тархины саажилттай хүүхдүүдэд хөлийн 100 хос чиг баригч хандивладаг уламжлалтай юм.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд талбайнхаа тодорхой хэсгийг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг байх, хөдөлмөр хамгаалал, тусгай зориулалтын гутлын импортын гаалийн татварыг нэмэх, эх оронч худалдан авалтыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх боломж бүрдээд байна. Ингэснээр гутал үйлдвэрлэгчид гэхэд л 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд бодлогын болон хөрөнгө, татварын дэмжлэг үзүүлж байгаа нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал авчирсныг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.
Энэ жил аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 400 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 389 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.
Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуйн нэгж нийт 478 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрт манлайлан оролцож, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, татвараа төлөх зэргээр бодит хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.
Үүний дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.
Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, 2,200 орчим ажлын байр шинээр гарна.
Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болох юм.
Хөтөлбөрийн дүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрнэ.

-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм4 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм6 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм4 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт4 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм6 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
