Connect with us

Улс төр

БНСУ-ын хилээс монгол иргэдийг буцааж буй асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдлаа

Published

on

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төслийн талаар Дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Монгол Улсын иргэдийг БНСУ-ын  хил дээрээс буцаасан хэдэн зуун тохиолдол гарсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан иргэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо мэдээлэл авсан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Дэд хороонд албан хүсэлт хүргүүлсний дагуу тавдугаар сарын 14-31-ний өдрүүдэд холбогдох судалгаа, мэдээллийг цуглуулж, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний Комисс болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан дээрх арга хэмжээний хүрээнд Дэд хорооны тогтоолын төслийг санаачлан, боловсруулж, хэлэлцсэн гэлээ.
Дээрх танилцуулга, төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Тухайлбал, Ц.Сандаг-Очир гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, найруулгын санал хэлэхийн хамт БНСУ-руу зорчих Монгол Улсын иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэх гэсэн заалт хэрэгжих боломжтой эсэхийг тодрууллаа.
Харилцан адил байх зарчмын хүрээнд сүүлийн 4-5 жил дээрх асуудлаар манай талаас бүх түвшиндээ БНСУ-ын талд хүсэлт тавьж ирсэн. 2024-2025 онд тус улсын иргэд аялал, жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй нэвтэрч байгаа бол БНСУ өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа гэдэг хариултыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд өгөв. Монгол Улсын 55 мянга орчим иргэн БНСУ-д байгаагийн 18 мянга орчим буюу 34.5 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа аж. Энэ нөхцөл нь тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр шийдвэр гаргахад хүндрэл, бэрхшээлийг үүсгэж байгаа гэдэг тайлбарыг БНСУ-ын талаас өгдөг байна.
УИХ дахь Монгол-Солонгосын бүлгийн гишүүний хувиар асуудалд анхаарал хандуулж буйгаа Б.Бат-Эрдэнэ гишүүн тодотголоо.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оны зургаадугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүсийн форумыг зохион байгуулсан. Энэ форумын үеэр тусгайлан БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг урьсны дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.
Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар, хоёр улсын хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор санамж бичгийг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй БНСУ дахь монголчуудын эрхийн асуудлын талаар тусгай төлөвлөгөө гаргаж ажиллахаар урьдчилан тохироод байгаа, тодорхой ахиц дэвшил гарна хэмээн найдаж байгаа гэв.
Хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар М.Нарантуяа-Нара гишүүн тодруулж, иргэдэд холбогдох мэдээллийг тодорхой хүргүүлж ажиллах шаардлагатайг хэлж байв.
Шаардлагатай бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд БНСУ-ын виз мэдүүлгийн төвүүдтэй Гадаад харилцааны яамнаас хамтран ажилладаг болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд хэллээ.
Үүний зэрэгцээ БНСУ-ын тал, Элчин сайдын яаманд нь хандан энэ чиглэлээр нарийвчлан судалж, нөхцөл шалтгааныг бууруулах чиглэлээр санал хүргүүлсээр байгаа гэв.
Тус улс Монгол Улсаас жилдээ 3000 ажилтан авах квоттой нь ихэнхдээ хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт байдаг бол хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажиллах нь түгээмэл байдаг байна.
Иймд нөхцөл байдалтай уялдуулан үүсээд буй асуудлыг шийдвэрлэх санал хүсэлтээ Монгол Улсын зүгээс БНСУ-ын талд тогтмол тавьж, хандаж ирсэн гэдгийг ажлын хэсгээс өгөв.
М.Нарантуяа-Нара гишүүн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд хүүхдийн эрхийн ноцтой зөрчил үүссэн хэд хэдэн тохиолдлыг дурдаад, холбогдох тодруулга хийж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн П.Сайнзориг төслийн агуулгын талаар байр сууриа илэрхийлж, асуудлыг Монгол Улсын гадаад бодлогын “нэг цонхны” хүрээнд авч үзэх нь зүйтэй гэв.
Ийнхүү гишүүд Дэд хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Бат-Эрдэнэ, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гадаад улсад зорчиж буй, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрхийг хангах, хамгаалах чилэлээр Монголын төр бүх түвшиндээ нягт, хариуцлагатай ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв.
Түүнчлэн Монгол Улсын иргэд хамгийн ихээр зорчдог, гэмт гэмт хэрэгт холбогддог, хүний эрхийн асуудал нь хөндөгддөг улсуудад Монгол Улсын зүгээс хууль зүйн атташе томилох асуудлыг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгох, гадаадад зорчиж буй, амьдарч буй иргэдэд шаардлагатай мэдээллийг боломжит бүх сувгаар түгээж, мэдээлэлжүүлж байх, бусад улс оронд Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдын яам, Монгол Улсыг төлөөлж байгаа албаны хүмүүс иргэдийнхээ эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын түвшинд, механизмуудаараа дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэх зэрэг саналыг хэлж байсан.
Ийнхүү хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгаад, батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжснээр “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төслийг баталлаа.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!