Connect with us

Эдийн засаг

Төвбанкны алдагдал 7.5 их наядад хүрсэн шалтгаан

Published

on

Төв банкны алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн тухай тус банкны аудитын тайланд дурджээ. Энэ алдагдлыг задалбал:

  • Ипотекийн зээлийн 4.5 их наяд төгрөгийн үлдэгдэл
  • БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юан
  • Урт хугацаатай своп дийлэнхийг эзэлжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төвбанкны алдагдлыг Засгийн газар төлнө гэж хуульд заасан. Гэхдээ хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. 2011 онд Төвбанк ашигтай ажилласан жилдээ ашгаасаа Засгийн газар руу шилжүүлсэн юм. Үүнээс хойших алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрлээ.

Манай улсын эдийн засаг тэлж байгаа тул алдагдал мөн өссөн. Арван жилийн өмнө банкуудын нийт актив 20 их наяд төгрөг байсан бол одоо 80 их наяд, ДНБ 95 их наяд төгрөг болов.

Энэ жилийн Төв банкны үнэт цаасны хүү нийт 800-900 тэрбум төгрөг болно. Энэ нь илүүдэл эх үүсвэрийг зах зээлээс татаж байгаа дүн юм.

skip-share

Удаан хугацаанд алдагдалтай ажиллавал Төв банкны бие даасан, хараат бус байдал, мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцыг нам түвшинд барих чадвараа алддаг.

Гадаад валютын нөөц хасах руу орсон жилүүд бий. Төгрөгийн ханш сулрах бүрд, бодлогын хүүний зардал өсөхөд алдагдал өсдөг. Ер нь Төв банкны ашиг алдагдлыг яаж хэмжихээ тодорхой болгох шаардлагатай. Бодлогын болон үйл ажиллагааны зардлыг салгаж үзэх үү? Ашигтай ажиллавал улсын төсөв рүү ямар хэмжээгээр оруулах вэ?

Алдагдал үүсвэл Засгийн газар ямар хэмжээгээр хаах вэ? Хаах, нийлүүлэх хугацаагаа нэг жилээр тогтох уу? Түүнээс урт байх уу гэдгийг тодорхой болгон, энэ тогтолцоог ажиллуулдаг болох шаардлагатай.

ОУВС ч биднээс үүнийг шаарддаг. Мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой ижилхэн л төрийн бодлого юм. Иймд мөнгөний бодлогын зардал төрийн зардалд багтах нь зөв. Гэхдээ энэ нөхцөлд Засгийн газар төв банкны зардлыг гаргалаа гээд бүх үйл ажиллагаанд оролцох эрсдэл бий. Энэ нь Төв банкны хараат бус байдалтай холбогдоно. Иймд Монголбанк алдагдлаа өөрөө хүлээн, баланстаа бичээд явах нь зөв” гэв.

ТӨВ БАНК/МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ хууль, 381дүгээр зүйл. Монголбанкны алдагдлыг нөхөх

1.Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. /Энэ зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛБАНК 2016-2019 ОНД 3.0 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДЛАА БУУРУУЛСАН 

2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, энэ хэмжээгээр хуримтлагдсан алдагдлыг бууруулсан. 2018 оны эцсийн байдлаар мөн тодорхой хэмжээний ашигтай гарсан. 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,0 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь богино хугацаанд нөхөж баршгүй өндөр алдагдал хэдий ч Монголбанк энэ алдагдлыг бууруулах чиглэлд анхаарчээ.

2018 онд Эрдэнэсийн сан болон үл хөдлөх хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлан тэнцэлд тусгасны үр дүнд Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ.

2018 онд хэрэгжүүлсэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны үр дүнд худалдан авсан алтны хэмжээ 22 тоннд хүрч, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 3.5 тэрбум ам.доллар болж өссөн аж.

МОНГОЛБАНКНЫ АШИГ АЛДАГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?   

Монголбанкны ашиг, алдагдал нь үйл ажиллагааны болон хөрөнгийн ашиг алдагдлаас бүрддэг. Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй үед үйл ажиллагааны орлогын дийлэнх хувийг гадаад валютын улсын нөөцийн өгөөж, өөрөөр хэлбэл, гадаадын банканд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого, гадаадын Засгийн газар болон нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудын гаргасан үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг.

Харин зардлын дийлэнх хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал эзэлдэг байна. Түүнээс гадна арилжааны банк, санхүүгийн байгууллагад Монголбанкнаас олгосон зээлийн хүүгээс тодорхой хэмжээний орлого олдог.

Монголбанкны 2017 оны санхүүгийн тайланд хүүгийн орлогын

  • 32 хувийг санхүүгийн хөрөнгө оруулалтаас,
  • 27 хувийг дотоодын байгууллагуудад гаргасан үнэт цааснаас,
  • 14 хувийг банкуудад олгосон зээлээс,
  • 13 хувийг Засгийн газрын үнэт цааснаас тус тус олжээ.

Хүүгийн зардлын 50 хувийг гадаад өр төлбөрийн хүү буюу Хятадын ардын банкнаас авсан своп зээлийн хүү, 36 хувийг Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, 13 хувийг заавал байлгах нөөцийн шаардлагыг хангасан банкуудад олгосон урамшууллын зардал эзэлжээ.

Хөрөнгийн ашиг, алдагдал нь гадаад валютаар илэрхийлэгдэх хөрөнгө, өр төлбөрийн ханшийн тэгшитгэлийн зөрүүгээс үүсдэг. Гадаад валютаар илэрхийлэгдэх хөрөнгө, өр төлбөрийн харьцаа зөрүүтэй байх үед төгрөгийн ханш чангарах, эсвэл сулрахаас хамаарч ашиг, алдагдал үүсэж байдаг.

Монголбанкны тэнцлийн пассив буюу өр төлбөр талд Хятадын ардын банкнаас авсан своп зээл бүртгэлтэй. Төгрөгийн юаньтай харьцах ханш сулрахад ханшийн тэгшитгэлийн алдагдал нэмэгдэж, ханш чангарахад алдагдал буурна гэсэн үг юм. Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах.

Алдагдал ямар сөрөг үр дагавартай вэ?

Удаан хугацаанд алдагдалтай ажиллах нь төв банкны бие даасан, хараат бус байдал болон мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, өөрийн гол үүргийн нэг болох инфляцыг нам түвшинд барих чадвараа алддаг. Ингэснээр төв банкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.

МОНГОЛБАНК ХЭЗЭЭНЭЭС АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВ, ҮҮНИЙ ШАЛТГААН ЮУ ВЭ? 

2012 оноос алдагдалтай ажиллажээ. Энэ нь Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, гадаад валютын орох урсгал татарсан үед Монголбанкнаас төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, өндөр зардалтай төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан.

Төгрөгийн нийлүүлэлт нэмэгдсэнээс гадаад валютын нөөцийн хүрэлцээ алдагдсан. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг хангаж чадаагүй. Гадаад валютын зах зээлд хэт их оролцож, тогтмол өндөр дүнгээр интервенц хийснээр ханшийг тогтвортой барихыг зорьсон ч төгрөгийн ханш суларч, гадаад валютын нөөц шавхагдаж, гадаад валютаар илэрхийлэгдэх өр төлбөр нь хөрөнгийнхөө хэмжээнээс давсан үед төгрөгийн ханш суларсан нь төв банк ханшаас алдагдал хүлээх суурь шалтгаан болсон.

Урсгал дансны алдагдлыг гадаад зээл, бондоор санхүүжүүлж, дотоодын арилжааны банкуудтай зах зээлийн хүүгийн түвшнөөс хэт доогуур ханшаар урт хугацаат своп хэлцэл байгуулсан. Энэ нь алдагдлын бас нэг шалтгаан болжээ. Мөн  арилжааны банкууд болон аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн хүүгээс хэт доогуур хүүтэй зээл олгосон нь зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдлыг бий болгосон.

Монголбанк аж ахуйн нэгж, арилжааны банкуудын ханшийн эрсдэлийг өөртөө хүлээх хэлцэл байгуулж, хүүний татаас хэлбэрийн зах зээлийн бус аргыг их хэрэглэсэн нь Монголбанкны өөрийн хөрөнгийг сөрөг утгатай болоход нөлөөлсөн.

Дээр дурдсан уламжлалт бус бодлогоос үүдэн Монголбанкны 2016 оны алдагдлын

  • 22 хувийг санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал,
  • 16 хувийг гадаад валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал,
  • 15 хувийг зах зээлийн хүүгээс доогуур хүүгээр олгосон зээлийн анхны хүлээн зөвшөөрөлтийн алдагдал,
  • 15 хувийг Хятадын ардын банкнаас авсан зээлийн хүүгийн зардал эзэлжээ.

АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ? 

Олон улсын туршлагаас харахад Бразил, чех, Унгар, Солонгос Тайланд зэрэг улсын төв банкууд ямар нэг хэмжээгээр алдагдалтай ажиллаж байсан. Алдагдлыг арилгасан нийтлэг арга хэмжээнүүд нь тухайн улсын засгийн газар үнэт цаас гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэх, эсвэл төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээ зогсоож, өөрөө алдагдлаа хариуцан арилгажээ.

ОУвС-ийн зүгээс аливаа төв банк алдагдалтай ажилласан тохиолдолд алдагдлыг улсын төсвөөс бэлэн мөнгө олгох эсвэл Засгийн газрын бонд гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэхийг зөвлөдөг. Гэвч төсвийн алдагдал өндөр, Засгийн газрын өрийн тогтвортой байдал эрсдэлтэй үед Засгийн газар өндөр дүнгээр үнэт цаас гаргах боломж хомс.

Монголбанк хуримтлагдсан алдагдлыг бууруулах чиглэлээр төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, своп, форвард хэлцлүүдийг алдагдал хүлээх хэлбэрээр байгуулдаг байдлыг зогсоосны үр дүнд 2017 оноос ашигтай ажиллаж эхэлжээ.

ШИЙДЭЛ  

  • Монголбанк нь мөнгөний бодлогоос гадуур үүрэг хүлээхгүй буюу төв банкны чиг үүрэгт тусаагүй, төсвийн шинжтэй бодлогын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхгүй байх,
  • Зах зээлийн ханшаас хэт зөрүүтэй өртгөөр үүсмэл хэрэгсэл байгуулахгүй байх,
  • Хүүний татаасын зардал гаргахгүй байх,
  • Засгийн газрын бондыг нээлттэй захын үйл ажиллагаанд ашиглах,
  • Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх,
  • Гадаад өр төлбөрийг үе шаттайгаар барагдуулах,
  • Алт тушаалтыг нэмэгдүүлэх,
  • Валютын захын оролцоог бууруулж, зах зээлийн зарчмаар ажиллах,
  • Банк хоорондын захын хөгжлийг дэмжих замаар Монголбанкны хуримтлагдсан алдагдлын сөрөг нөлөөг тогтвортой бууруулах боломжтой.

Монголбанкны ашиг, алдагдалд тухайн үеийн гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан түүний явуулах мөнгөний бодлого ихээхэн нөлөөтэй тул Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг нөхөх тодорхой хугацааг товлох нь учир дутагдалтай гэж тус банкны Тайлан бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Он гарснаас хойш 75,604 тонн шатахуун импортлоод байна

Published

on

By

Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалжээ. Тодруулбал,136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна.
Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг (2026.01.01-08) хүртэлх хугацаанд нийт 75604 тонн шатахуун импортолжээ. Үүнийг задалбал, 35352 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 39896 тонн дизель түлш, 173 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж иржээ.
Автозамын боомтуудаар:
Сүхбаатар боомтоор
– АИ-92 автобензин – 446 вагон буюу 27093 тонн
– АИ-95 автобензин – 3 вагон буюу 183 тонн
– Дизель түлш – 623 вагон буюу 38280 тонн
– ТС-1 – 3 вагон буюу 173 тонн
Эрээнцав боомтоор:
– АИ-92 автобензин – 846 тонн
– Дизель түлш – 1056 тонн
Цагааннуур боомтоор:
– АИ-92 автобензин – 388 тонн
– Дизель түлш – 560 тонн
Боршоо боомтоор:
– АИ-92 автобензин – 425 тонн
Замын-Үүд боомтоор
АИ-92 автобензин – 113 вагон буюу 6600 тонн тус тус орж иржээ.
Эх сурвалж: Зам, Тээврийн яам
Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Published

on

By

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

Бортээгийн орд – суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.

Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.

Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах

Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:

-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
-Үндэсний баялгийн сан арвижин,
-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Өмнөговь аймгийн бүх сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Published

on

By

Өмнөговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” захирамжаар аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид **бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.

Дунд, ахлах ангийн сурагчдын хоолны зардал:
Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,
Ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөг.
Нэмэгдүүлсэн хоолны зардал:
Ерөнхий боловсролын сургуулийн болон политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өдөр бүр сүү, тараг олгох боломжийг бүрдүүлээд байна.
Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 18,181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1,073 суралцагч, цэцэрлэгийн 6,554 хүүхэд нийт 25,808 хүүхэд хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой боллоо.

Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн хоол, шим тэжээлийг сайжруулж, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлт, хөгжилтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Боловсролын газар

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!