Connect with us

Улс төр

АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Published

on

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз. Учир нь, АН том нам л даа.

 Харамсалтай нь, “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” хэмээх албан бус тодорхойлолтоос энэ намын УИХ дахь бүлэг албан ёсоор татгалзчихав бололтой. Үйлийн сэдэл нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад “…За, Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон. Үүнд дөрөөлсөн АН-ын бүлгийн улс төр нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах буюу завсарлага авах болоод явчихав.

Гэтэл УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах эрхтэй” гэдгийг заагаад өгчихсөн. Завсарлага авах гэдэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байх учиртай юм шүү дээ. Тиймээс ачигдрийн чуулган дээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэх байсан гурван асуудлаас завсарлага авчихлаа.

Нэгэнт “…Бүлгийн шийдвэр” гээд баахан бужигнуулчихсан, бантсан ч биз. Гүрийсээр байгаад бүлэгтээ завсарлага авчихсан. Гэхдээ энэ ямар хор уршигтай О.Цогтгэрэл одоохондоо ойлгохгүй байх шиг байна. Энэ удаагийн улс төрд ах нараасаа зөвлөгөө тусламж авалгүй л туучих шиг боллоо. “…Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг дээ. Ах нар нь цагтаа арай өндөр түвшний асуудлаар яг ийм улс төр хийж байсан түүх бий. Одоогоос 18 жилийн өмнө, 2007 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөл хугацаагүй завсарлага авч байв. Шалтгаан нь, Ц.Нямдоржийн хэлсэн “АН” гэдэг хоёр үгтэй холбоотой байж таарсан. Учир нь тус чуулганы өмнөх өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж “…Төрийн эрх ашиг шаардвал зарим хүний бодсоноос өөр шийдвэр гаргаж чадна шүү” гэчихсэн. Яг үнэндээ ингэж хэлснийх нь араас Н.Батбаяр нарын гишүүд лавлаж, шалж асуусаар Ц.Нямдоржоос “АН-ынханд хандсан” үг унагааж чадсан байдаг. Түүнээс “…АН-ыг хүндэтгэдэг ч улс төрийн тооцоо бий” гээд хэлүүлчихсэн. Ингээд түүнд дөрөөлж улс төр хийсэн хэрэг л дээ. Тэгээд “…Ц.Нямдорж энэ үгнийхээ төлөө уучлалт гуйтал чуулганд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

Тухайн үед хаврын чуулган эхлээд хоёр сар болж, 30 гаруй хууль хэлэлцэж, батлахаас ганцхан Ойн тухай хуулийн ард л гараад байсан юм. Тиймээс АН-ын энэ үйлдэл тухайн үедээ бас л шүүмжлэлд өртөж байв.

Гэвч, өнөөдрийн АН-ын бүлгийн улс төртэй харьцуулалтгүй л дээ. Ер нь бол, баасан гаригийн хуралдаан дээр болсон “…За, Баярцогт даргад хариулъя” гэдэг бол УИХ-ын хоёр гишүүний хооронд болсон яриа ч гэсэн болно. Л.Оюун-Эрдэнэ бол 2024 онын сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын тухай хуулийн 41.2-т “…Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Үүнийг манайхан товчлоод “…УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” гэчихдэг. Аль ч агуулгаараа, АН-ын бүлэг ажил хаях хэмжээний улс төр хийх шалтгаан байтугай шалтаг ч байхгүй юм, уг нь. Хэрвээ, энэ явдлыг улстөржүүлэн үргэлжлүүллээ ч Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа хоёрын л асуудлаараа дуусна. Ер нь тэгээд манай УИХ-ын гишүүдийн дунд бие биеэсээ уучлал гуйх хэмжээний байтугай хэн хэн нь Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хэмжээний зөрчилдөөн гарсаар ирсэн. Хэрүүл, зодоон, салаавч гээд эрхэм гишүүд “хүний ёс”-оор муудалцана, бас. Хамгийн сүүлд, одоо энэ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн оролцсон зодоон Төрийн ордонд болж байв. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байж л дээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн явж орсон байгаа юм. Тэгэхэд нь О.Цогтгэрэл “…Чи намайг гүтгэсэн” гэснээр АН-ын бүлгийн шинэ, хуучин хоёр дарга маргалдаад барилцаж авчээ. Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна.

Д.Ганбат ч өмнөхөн нь түүнийг ноцтой асуудалд холбоотой болох талаар ярьчихсан байдаг. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчээ. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хандсан.

Шүүх эмнэлэг “…Хохирогч Д.Ганбатын хацар, уруулын зулгаралт, нүдний улайлт нь хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан. Зөрүүлээд О.Цогтгэрэл 2023 оны нэгдүгээр сарын 6-нд “…Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан” гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад бичиж өгсөн. Шулуухан хэлэхэд, энэ хоёр хэрэг хоёулаа эцэслэн шийдэгдсэн бол УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал ч яригдахаар л байсан. Гэвч тухайн үедээ шийдэгдэлгүй тэр чигтээ “царцчих” шиг болсон. Одоо яаж байгаа юм, бүү мэд. Лав л Д.Ганбатыг “зодсон” О.Цогтгэрэлийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслээгүй л дуулдаж байна. Нөгөөтэйгүүр, АН-ын бүлгийн “…Завсарлага авна” гэсэн нь хаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг сонин байгаа юм. Эхнээсээ завсарлага авах ямар ч эрх зүй байхгүй, хуулийн боломж дээр санаж сэдсэн улс төрөө тоглоод ороод явчихсан. Гэтэл УИХ яг одоо улс, иргэдэд маш чухал асуудлуудыг хэлэлцэхээр зэхэж байна. Тэр дундаа, Баялгийн сан тойрсон олон санаачилгууд УИХ руу зүглээд байгаа юм. Яг ийм үед АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага авсан тухайд таатай харж, нааштай дүгнэх хүн ховор байна. Адаглаад л, “…Шалтаг нь “Баярцогт” боллоо, шалтгаан нь Баялгийн сан л даа” гэцгээгээд эхэллээ.

Өөрөөр хэлбэл, “…“Баярцогт”-оор шалтаглаад Баялгийн санг бойкотлоод уналаа” гэх яриа улс төрийн хүрээнээс халиад хаа сайгүй яригдаж байна. АН-ынхан ч “…Ядахад, ингэж улс төр хийгээд С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг наагаад хаячих юм” гэж байна.

Явж явж АН доторх хууччуулын эртний өрсөлдөөн энэ дээр хэрэгжиж байгаа талаар ч ярьж байх юм. Энэ бүхний ард нэг бол С.Баярцогтод таагүй журмын нөхөр нь “шанаа” өгөх, эсвэл Баялгийн санг нам зогсоож, стратегийн ордоо авч үлдэх “хүсэл” үйлчлээд байгаагийн аль нэг нь байгаа л бололтой дуулдаад байна. Гэхдээ “…АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот” гэдэг ойлголт нийгэмд илүү таржээ. Эцэст нь, аль нь ч байлаа гэсэн, ямар ч жижиг нам сэдэхээргүй ядруухан улс төрийг АН-ын бүлэг эхлүүлчихлээ. Яаж зогсоож, ямар аргаар дуусгах юм, бүү мэд дээ.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!