Connect with us

Улс төр

“…Баялгийн сантай байх уу”, бас “…Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

Published

on

sonin.mnСүүлийн хэд хоногт өрнөж буй улс төрийн гэх үү, нийгмийн гэмээр юм уу, энэ үйл явцын цаад шалтгаан нь ердөө л Баялгийн сан, бас Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой. Улс төр захалж гадарладаг, нийгмийн төвд алхдаг хүн бүр л үүнийг ойлгож байгаа юм. Эхний хуулийг хэрэгжүүлэх, дараагийн хуулийг боловсруулах үүрэг энэ Засгийн газарт оногдсон. Хэрэгжүүлж, боловсруулаад, ажил болоод ирэнгүүт асуудал өөрөөр эргэж байх шиг байна.

Ерөнхий сайдыг нь онилж аваад балбав. Үнэнийг хэлэхэд, энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олныг Монголд хэрэгтэй томоохон төсөл арга хэмжээ рүү чиглүүлж ажиллуулбал гайхалтай үр дүн гаргахаар харагдав.

Баялгийн сан бол ойлгомжтой байна. Албан ёсоор стратегийн ордоор тогтоогдсон 16 ордын долоо нь хагас дутуу төрийн буюу нийтийн мэдэлд байдаг. Үлдэх есийнх нь лиценз нь хэн нэгэн хувь хүн, эсвэл компанийн нэр дээр байна. Төрд байгаа гэх долоон ордын нэг Тавантолгойн нэг хэсэг “Ухаахудаг” 2008 онд хувийн компанид шилжчихсэн. Ингэхдээ, УИХ, Засгийн газрын тогтоолгүй шийдэгдсэн. Тиймээс Ухаахудагийг хууль ёсны болгож аваад, Баялгийн санд үр өгөөжийг нь хуримтлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч, УИХ удаж удаж хүлээж аваад, “…Хэлэлцэх эсэхээ намрын чуулганаар шийднэ” гээд гацаачихсан. Гэтэл, “Ухаахудаг”-ийг эзэмшиж буй MMC компани гаднын банкнаас 350 сая ам.долларыг 2030 он хүртэл 8.44 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь тус ордын лицензийг тавьжээ.

Хэрэв, “Ухаахудаг”-ийг Баялгийн санд авах УИХ-ын шийдвэр гарвал MMC компани 350 сая ам.долларын зээлээ хоёр сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэг хүлээж үлдэх юм байна. Иймээс л өнөөдрийн улс төрийн үйл явц өрнөсөн гэлцээд эхэллээ.

Нөгөөтэйгүүр, “Ухаахудаг”-ийн эзэд Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын төслөөр дамжуулж Тавантолгойг бүхэлд нь авах гэж олон жил оролдсон. Ингэхийн тулд улс төрд асар их мөнгө зарсан. Хамтрахаар ярьж байсан “Чайна энержи”-ийн талд “…Бид Монголын улс төрийг бүрэн хянаж байгаа” гэж ойлгуулсаар ирсэн. Гэвч, энэ Засгийн газар тус төслийг хөдөлгөж, ингэхдээ дундын зуучлагч компанигүйгээр хоёр улсын Засгийн газрын ажил болгоод эхлүүлчихсэн. Энэ нь тэдний хүсэлд цэг хатгачихсан. Тэгээд л, Ерөнхий сайдыг унагах улс төрийн акц эхэлсэн. Ийм үндсэн шалтгаантай юм. Ер нь л, манай “баялаг бүтээгчид” гэж өөдгүй л дээ. Баялаг ухахаас өөр шидийг улс орондоо хйидэггүй л дээ. Бизнес нь дандаа бэлэн барааны импорт, үйлчилгээ нь хүртэл франчейзинг байдаг. Монголчуудаас хураасан мөнгө нь гадагшаа л шилждэг. Монголдоо, энүүхэн Богд уулын зүүн ард эзэмшдэг газрынхаа төлбөрийг ч төлөлгүй унждаг.

Дараагийн асуудал болох Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль байна. Ер нь л бүгд баларна даа. Дэндүү ойлгомжтой. Энэ батлагдвал өмнөх, одоогийн улстөрчид бүгдэд нь хамаатай хууль гарна. Бод доо, хэдэн жилийн өмнөх сайдын цалингаараа буудлагын спортын төв нээчихсэн гишүүн байна.

Хэд хоногийн өмнө тэндээ гишүүдийг аваачиж тэмцээн зохиосон. Энэ бол жижигхээн жишээ шүү. Ер нь тэгээд, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаад хэрэгт холбогдсон нөхдүүд хил даваад зугтчихдаг болсон. Намтрыг нь үзэхээр насаараа нам, төр бараадсан байдаг. Тэд очсон улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн дүүрэгт хэдэн жилийн турш тансаг амьдардаг жишээ цөөнгүй байна. Энэ мэтээ, эрүү мултартал гайхуулахаар эд хөрөнгө энэ хууль батлагдахаар илэрч гарч ирнэ. Бараг л, Баялгийн сангийн нэг салбар санг түүгээр бүрдүүлбэл дүүрч мэднэ. Тиймээс уг хууль улс төрөө даалгүй, Засгийн газрын босгоор давалгүй гацчихаад байв. Хамгийн гол нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ингээд бай болоод зогсчихоор УИХ шийдэл гаргах шаардлага үүсэж байгаа юм. Гэвч, УИХ-аас албан ёсоор ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй өнөөдрийг хүрлээ. УИХ-ын гишүүд ч бөөрөнхийлсхийгээд өнгөрөөж байна. Зарим нь бүр, Боловсролын зээлийн сангаас бөөн мөнгө аваад сургуульдаа ч төлөлгүй хэрэглээд баларч явсан атал өнөөдөр микрофон болгоны өмнө шударга ёс яриад зогсдог болов. Ингэж, УИХ өөртөө ч итгэхгүй, олон нийт ч УИХ-д эргэлзэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ нь шийдлийг өөр субьект гаргах шаардлагыг үүсгэв Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд “буруудаж”, гал аваад байгаа хоёр асуудлыг ард түмнээр шийдүүлчих нь хамгийн зөв гарц болж харагдаж байна. Манайд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-аар 2016 онд батлагдсан хууль бий. Хуулийн “…Санал асуулгаар шийдвэрлэх асуудал” гэх Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна”, 4.2-т “…Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно”, 4.3-т “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ.

Энд яригдаж байгаа Баялгийн сан, Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах хууль хоёр бол яахын аргагүй хуульд заасан “…Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудал” гэдэгт хамаарна.

Улмаар, “…Баялгийн сантай байж, стратегийн ордуудын үр ашгийг хуримтлуулах нь зөв үү, буруу юу”, “…Улстөрчдийн хууль бусаар хуримтлуулсан хөрөнгийг хураах уу, яах вэ” гэдэг агуулгад хуулийн “…Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулж болно” гэснээр зохицуулагдчихаж болж байна. Түүнчлэн хуулийн “…Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд” гэх Тавдугаар зүйлийн 5.1-т “…Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй” гэжээ. Хүсвэл, ард иргэдийн санал асуулгыг санаачлах боломж бүхий гурван субьект байна. Ер нь бол, манай улс төрд “…Ордоор оролдвол огцордог” гэдэг хэлц хүртэл бий болсон. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 2016 оны намар нэгэн нэвтрүүлгээр өөрийнхөө огцорсон жишээг ярьж байв. Тэрээр “…Ер нь ажил хийх гэсэн хүн маш их бэрхшээлтэй тулдаг. Ерөнхий сайд гэж жаргадаг хүмүүс биш юм.

“Оюу толгой” компани хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрөөч гэж байсан. Шууд зөвшөөрч болохгүй учраас ажлын хэсэг гаргаад ажиллая гэсэн юм. Харин Ч.Сайханбилэг гараад хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийг зөвшөөрчихсөн. Би байсан цагтаа хэзээ ч тийм юм зөвшөөрөхгүй.

Тавантолгой дээр Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, Хятадын “Шенхуа”, Америкийн “Пийбоди”-г оруулаад Ч.Сайханбилэг, Я.Батсуурь ороод ажилласан. 2014 оны 5-6 дугаар сар хүртэл ажлын хэсэг эрчимтэй ажилласан. Хөрөнгө оруулалтын ерөнхий дүр зургаа гаргаад явж байтал зогссон. Хэл амаа ололцохгүй байна л гэсэн. Я.Батсуурь болохоор хэл амаа ололцсон зарим хүн зогсоогоод байна гэсэн. Тайлбар: 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Я.Батсуурийг хорьсон. Тэр намар нь манай Засгийн газар огцорсон. Түүний дараа хэлэлцээрээс “Пийбоди” гараад явсан. “Шенхуа” үлдээд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н оронд “MCS” орж ирсэн. Би өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай хүн учраас тэрийг нь зөвшөөрөөгүй. Үүнийг нь Ч.Сайханбилэг бариад явчихна билээ. Ерөнхий сайдаар төрийн гурван өндөрлөг гэж ажиллахдаа арга эвийг нь олоод зохицуулсан зүйл нэлээн бий. Зохицуулж чадаагүй зүйлсийг нь сая хэллээ. Хэрвээ зохицуулсан бол би цаашаа Ерөнхий сайдаар ажиллаад явах боломж байсан. Гэхдээ би тийм хүн биш” гэж байсан юм.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!