Connect with us

Улс төр

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Published

on

sonin.mnЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн. “…Хүн нь байвал хэрэг олдоно” гэдэг шиг л явдал болсон. Тэгээд нэлээн хэд хоног үргэлжлэв. Тэгж тэгж тэр акц энэ долоо хоногийн эхний өдөр Ордонд нэвтэрлээ. Өглөө нь УИХ дахь намын бүлгүүд энэ талаар ярьцгаасан. Тэр чигээрээ Ерөнхийлөгчийн өрөөнд оржээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрөөндөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Өмнөх өдөр нь, бүтэн сайнд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн хуудсаараа “…У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй” гэж байгаад “…“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна.

Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэсэн мэдэгдэл цацсан. Тэр дороо албаны мэдээлэл шиг хэвлэлүүдээр тарсан. Үнэндээ, үүний учрыг олж тайлсан хүн одоогоор олдоогүй байна.

Ямартай ч, ингэснийхээ маргааш нь Ерөнхий сайдыг өрөөндөө дуудаж үлдсэн. Хэвлэлийнхэнд “олдсон” мэдээллээртэр уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…МАН дангаараа Засгийн газраа байгуул”, мөн “…Л.Оюун-Эрдэнэ ээ, ажлаа өг” гэжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ “…Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө” гэсэн байгаа юм. Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Засгийн газрыг огцруулах талаар мэдэгдэл хийнэ” гэсэн талаар мэдээлэл тарсан. Гэвч, тийм мэдэгдэл хийсэнгүй өнгөрсөн юм. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг уулзаж байх үед МАН-ын Бага хурал товлогдсон. Тэр хурал өнөөдөр болно. Хэлэлцэх асуудлынх нь талаар албан ёсоор мэдээлэл гараагүй ч “…МАН-ынхан Засгийн газрыг дангаараа байгуулах уу, эсвэл хамтарсан хэвээр үргэлжлүүлэх үү” гэдгээ шийдэх нь тодорхой болоод байна. Эх сурвалжуудын мэдээллээр МАН-ынхан энэ асуудлаар хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь “…Засгийн газраа дангаараа байгуулах нь зөв”, нөгөө хэсэг нь “…Засгийн газрын үйл ажиллагааг хамтарсан чигээр нь үргэлжлүүлье. Хэрэв манай нам дангаараа Засгийн газар байгуулбал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Байдал ийм байхад нөгөө хоёр намыг Засгийн газраас гаргавал үүний дараа ирэх улс төрөө бид даахгүй” гэж ярьцгаажээ. Эхний байр суурийн тухайд Ерөнхийлөгч “…МАН дангаараа Засгийн газраа байгуул” гээд хэлчихсэн. Бас, уржигдар өглөө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Засагт хамтарсан ч АН-ынхан байнга Засгийн газраа нүдэж байна. Энэ чинь явсаар байгаад намын нэр хүндэд ч сөргөөр нөлөөллөө. Ийм байхад хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлээд байх хэрэг байна уу” гэж яригдсан байгаа юм. Харин “…Хамтарсан Засгийн газартай байх нь зөв” гэдэг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаа гэж ойлгож болох юм.

Тэрээр Ерөнхийлөгчтэй уулзахдаа “…Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө. Хамтрахаа болих юм бол би тэнд юугаа хийх вэ дээ” гэсэн. Мөн МАН-ын, АН-ын, ХҮН намын УИХ дахь бүлгийн гишүүд, гадна байгаа гишүүд ч ийм байр суурийг нэлээд илэрхийлж байна.

Үүгээрээ, МАН-ын энэ удаагийн Бага хурал маш ихээр анхаарал, сонирхлыг татаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, энэ хэд хоногийн турш өдөр шөнөгүй гөвүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудалд онцгой тайван хандаад байгаад олон хүн гайхаад байгаа харагдана лээ. Эмоц өндөртэй, ам түргэнтэй тэрээр баргийн асуудал дээр дуугүй байж, зүгээр суугаад байдаггүйг бүгд мэднэ. Өөр рүү нь чиглэсэн акц хэдэн өдөр үргэлжилсний дараа хэвлэлийнхэнд ам нээсэн. Тэгэхдээ “…Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсэж, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэсэн юм. Түүний үгнээс акц зохион байгуулагчид “ялаа” гэснийг нь яаран шүүрч аваад “…Ард түмнээ, жагсаж буй хүмүүсийг ялаа гэлээ” гэж “орчуулаад” тараачихсан.

Гэхдээ, “…Ялаа гэж хэнийг хэлсэн бэ” гэдгийг олон нийт гадарлаад үлдсэн. Түүнээс гадна, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлын хаалттай хуралдаан дээр нэлээд ноцтой зүйлүүдийг нээлттэй ярихаар болсон байна. Түүний намынхандаа юу ярих нь сонин. Ямартай ч “ялаа” хэн байсныг хэлэх биз.

Ер нь, яагаад шууд нэрлэчихэлгүй, заавал “ялаа” гэж далдалсан нь хачин. Уг нь, тэр хэн нэгний нэрийг хэлэхээс тэгтлээ эмээгээд байдаг хүн биш. “М-Си-Эс” ч гэдэг юм уу, зарим нэг улстөрчийг бол шууд нэрлэчихдэг. Гэтэл, ингэж “авгайлсан” нь анхаарал татаад байгаа юм. Үнэхээр ч, сүүлийн өдрүүдэд болж буй үйл явцыг “…Улс төртэй холбоотой” гэж үзэх хэрэггүй юм. Наанаа, улстөрчид оролцож харагдаж байна. Гэхдээ тэд зүгээр л цаанаас ирж буй удирдамж чиглэлийн дагуу л оролцож байгаа юм. Цаана нь, Баялгийн сангаас ордоо харамласан эзэд, Албан тушаалтнуудын хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хуулийг эсэргүүцсэн улстөрчид бий. Түүнээс гадна, “…Саяхан Ялалтын баярын үеэр “…Наад залуугаа соль” гэсэн чиглэлийг манай талд өгсөн гэж ч яригдаж байна. Ямартай ч “…Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ” гэдэг олны онцгой анхааралд байна. Энэ утгаар, иймэрхүү ороо бусгаа байдалтай үед МАН-ын Бага хурал ойрд үзэгдээгүй түүхэн шийдвэр гаргах гэж байна. Энэ хурлын шийдвэр хэрхэн гарахыг АН ч анаад суучихсан. Ирэх даваа гаригт бүтэц нь хуралдана. МАН-ынхан тэднийг Засгийн газарт үлдээвэл цаашид хэрхэн ажиллахаа ярих биз. Харин гаргаад хаячихвал ямархуу сөрөг хүчин байхаа тохирч таарна. ХҮН нам ч ялгаагүй чих тавин хүлээж байна. Энэ мэтээс үүдээд улс төрийн ажиглагч, судлаач, анхаарагчид “…Засаг задарвал улс төр улам төвөгтэй нөхцөл рүү орж мэдэхээр боллоо”, “…Засгийн газар хэт эмзэг болж, байн байн унадаг болно”, “…Орд эзэддээ үлдэж, Ордон хэрүүлээр тасрахаа болино” гэж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!