Connect with us

Улс төр

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагааг эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийн төсөл батлагдлаа

Published

on

Монгол Улсын Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа

эрхлэхийг бүхэлд нь хориглох талаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Учир нь Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын 1XBET сайтаар манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар 110 гаруй “агент”-аар дамжин гадаад улс руу гарсан байна. Энэ нь гадаад улсын вэбсайтуудаар Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах, амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урсаж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм.

Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.05.30) чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна.

Хууль батлагдсанаар гарах гол үр дүн:

Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын гадаад валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээний валют хяналтгүйгээр гадагш урсаж эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсооно.

Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угааж байгаа үйлдлийг таслан зогсооно.

Монгол хүүхэд, залуучууд мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нөхцөлийг зогсоож, урьдчилан сэргийлнэ. Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!