Connect with us

Улс төр

Bne IntelliNews: Монгол улс өсөн дэвжиж байгаа ч БНХАУ-аас хамааралтай хэвээр байна

Published

on

Евразийн бүсэд макро эдийн засаг, геополитик зэрэг салбарын чиглэлээр зөвлөгөө өгдөг “Macro Advisory” фирмийн гүйцэтгэх захирал Крис Уифер Монгол Улсын талаар бичиж, “BNE IntelliNews” сайтад нийтлүүлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Гурван жилийн өмнө Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж, гадаад өрөө төлж чадахгүй дефолт зарла аюул нүүрлээд байв. 2020–2021 онд БНХАУ-руу гаргаж байсан зэс, нүүрсний экспортын хэмжээ болон үнэ огцом буурснаас үүдэн тус улсын орлого эрс багассан.

Мөн Оюу Толгойн төслийн гол хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргаанаас болж төслийн явц удааширсан байдаг. Төсвийн нөхцөл байдал хүндэрч, засгийн газар нь дэд бүтцийн шинэчлэл, хөдөө аж ахуй, Улаанбаатарыг хамарсан байгаль орчны асуудлуудад зарцуулах мөнгө хом болсон.

Одоогийн нөхцөл байдал 2021 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц дээрдсэн байгаа. 2022 оны сүүлээр БНХАУ хилээ нээж, болон Бээжин, Канберрагийн хоорондын зөрчлөөс шалтгаалан Монголын нүүрсний экспорт эрс нэмэгдсэн байдаг. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэл өссөнөөр зэсийн эрэлт нэмэгдсэн. Рио Тинто компани уул уурхайн маргаантай асуудлаа шийдвэрлэж, Оюу Толгойн зэс, алтны уурхайн томоохон өргөтгөлд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан юм.

2022 оны хоёрдугаар хагасаас хойш улсын төсөв ашигтай гарч байгаа. 2023, 2024 онуудад гадаад худалдаа болон урсгал тэнцлийн ашиг ч өссөн. Энэ нь гадаад өрөө цагт нь төлж, мөнгө хуримтлуулах боломжийг Монгол Улсад олгосон. Гадаад өр нийтдээ 37 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 150 хувиас давсан хэвээр байгаа. Харин улсын өр (Sovereign debt) 2021 онд ДНБ-ий 70 хувь байсан бол одоо 40 хувь болж буурчээ. Засгийн газар олон түвшин бүхий Үндэсний баялгийн сан байгуулах ажлыг эхлүүлж, валютын нөөцөө өсгөж байна. Эдгээр сайжруулалтыг тусган олон улсын гурван үнэлгээний байгууллага Монголын эрсдэлийн үнэлгээг сайжруулж, эерэг болон тогтвортой төлөвтэй болгосон.

Гэвч эвслийн засгийн газар улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадах уу?
Монгол Ардын Нам сайжирсан санхүүгийн нөхцөл байдлыг ашиглан Ардчилсан Нам болон Хөдөлмөрийн Үндэсний Намтай тохиролцон их эвсэл байгуулсан. Энэ нь тус улсад төрийн тогтвортой байдал бий болгож, нийгэм болон үйлдвэрлэлийн шинэчлэлд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. Гэхдээ хэвлэл болон бусад шүүмжлэгчдийг дарамтлах хандлага байгаа гэж үздэг хүмүүс цөөнгүй бий.

Эвслийн засгийн газрын гол бодлого нь “Мега төслүүд” хэмээх дэд бүтцийн томоохон төлөвлөгөөнүүд юм. Энэ хүрээнд 14 томоохон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, эдийн засгаа шинэчлэх, ирээдүйн хөгжлийн суурь тавих зорилготой. Эдгээр төсөлд цэвэр эрчим хүч үйлдвэрлэл, тээврийн сүлжээ, усны менежмент, нийслэлийн ачааллыг бууруулах шинэ хот байгуулах зэрэг төлөвлөгөө багтаж буй. Өмнөх төслүүдэд хэт удаашрал, авлига, байгальд учруулсан хор хохирлыг асуудал гарч байсан тул тэдгээр төслийг шүүмжилдэг хүмүүс байгаа. Ямартай ч эвслийн засгийн газрын зарим төсөл хүлээлтээс хурдан урагшилж байна.

Гэсэн эдгээр эерэг өөрчлөлтүүд нь уул уурхайн салбарын тэлэлт, экспортын орлого, тэр дундаа БНХАУ-ын эдийн засгаас шууд хамааралтай хэвээр. Монгол экспортынхоо 90 хувийг БНХАУ руу гаргадаг. Ийм учир нүүрс, зэсийн эрэлт, үнэ Монголын ирээдүйд нэн чухал. Засгийн газар төсвийн тэнцвэртэй байдал, өрийн менежментийг болгоомжтой хийх бодлого баримталж байгаа учраас мега төслүүдэд зарцуулах нь зөвхөн уул уурхайн татвар болон экспортын орлогоос л орж ирнэ.

АНУ-ын шинэ импортын татварууд Монголд шууд хүндээр тусахгүй ч БНХАУ-аар дамжин нөлөөлж магадгүй. Хэрэв АНУ, БНХАУ тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын үйлдвэрийн үйл ажиллагаа буурч, нүүрс, зэсийн эрэлт унах магадлалтай. Эсвэл БНХАУ Монголоос оруулж ирдэг түүхий бүтээгдэхүүнийг худалдан авах үнээ бууруулж магадгүй. ОХУ экспортын зах зээлээ сэргээхийн тулд БНХАУ-д хямд үнээр материал нийлүүлэх сонирхолтой байгаа одоо үед энэ нь нэмэлт дарамт болж өгнө.

Монголын засгийн газар уул уурхайн татварыг нэмэх зорилготой байгаа ч энэ алхмыг маш болгоомжтой хийх шаардлагатай. Төр шинэ төсөл хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сангийн гурван хэсгийг санхүүжүүлэхийн тулд уул уурхайн татварын бүтэц, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах гэж байгаа. Евразийн бүсэд гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийсний дараа татварын нөхцөл өөрчлөгдөх явдал түгээмэл гардаг. Гэхдээ ингэж татвар нэмэх нь эгзэгтэй, эмзэг асуудал юм. Ялангуяа Монголд нэмж их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт цуглуулах шаардлагатай байгаа энэ үед.

Монголын нийгэмд олон нийтийн үл итгэх байдал байна. Өнгөрсөн өвлийн жагсаал энэ зун давтагдаж, өвөл рүү дамжин өрнө үү гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд санаа зовоосон боллоо. 2022 онд өрнөсөн томоохон эсэргүүцлийн жагсаал “нүүрсний мафи”-тай холбоотой байсан. Тус жагсаал өндөр албан тушаалтнууд Хятадын компаниудад хямд үнээр нүүрс нийлүүлж, дундаас нь ашиг олсны улмаас өрнөсөн. Монголын иргэд төрд нь үүсээ буй авлигын асуудлыг шийдэж чадахгүй байгаад бухимдалтай хэвээр. Санал асуулгад оролцсон хүмүүсийн ихэнх нь мега төслүүдийг ихээхэн хэмжээний мөнгө завших дахин нэг шалтгаан гэж харж байна. Мөн уул уурхайн салбарын хөгжил нь байгалийн гоо үзэсгэлэн, зэрлэг ан амьтан, нүүдлийн соёлд сөргөөр нөлөөлнө гэх айдас байгаа юм.

Авлигаас гадна байгаль орчны асуудлууд ч мөн шийдэгдээгүй. Улаанбаатарын агаарын бохирдол, замын түгжрэл, нийгмийн үйлчилгээний чанар муу зэрэг асуудлуудтай холбоотой гомдол, дургүйцэл их бий. Сүүлийн хоёр өвөл болсон гамшигт зудын улмаас хөдөө орон нутгаас олон хүн хот руу шилжин ирж, гэр хорооллын хэмжээ тэлснээр нөхцөл байдал улам дордсон.

Засгийн газар тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг 20 орчим хувиар нэмсэн. Гэхдээ үүнийгээ тогтмол барьж чадах эсэх нь БНХАУ-ын эдийн засаг болон уул уурхайн салбарын татвар-хөрөнгө оруулалтын тэнцвэрээс хамаарна.

Нийгэм-улс төрийн тогтвортой байдалд эрсдэл учруулж буй өөр нэг зүйл бол инфляц. Монгол банк 2025 оны инфляцын зорилтот түвшнийг 8 хувь гэж тогтоосон ч инфляц хоёрдугаар сард 9.6 хувь, 4-р сард 8.5 хувьтай гарсан. Ирэх улирлуудад гурил, мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх төлөвтэй. Дотоод эрэлт нэмэгдэж, төгрөг суларснаар импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өснө.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах хамгийн боломжит хувилбар нь уул уурхайн салбартай холбоотой хэвээр байна. Олон уул уурхайн компаниуд олборлолт, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч энэ нь БНХАУ-ын эрэлт, үнэ ханшаас хамаарна.

Монгол Улс “Гуравдагч хөрш” бодлогын хүрээнд Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлж, худалдан авагч болон хөрөнгө оруулагч түншүүдээ төрөлжүүлэхээр оролдож байгаа. Энэтхэг Улаанбаатарын ойролцоо тус улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа юм.

Цаашид мега төслүүдтэй холбоотой барилгын техник хэрэгсэл, инженерчлэл, үйлчилгээний салбаруудад ч том боломж гарч болзошгүй. Гэхдээ энэ нь цаг хугацаа, цар хүрээ нь БНХАУ-ын эдийн засаг, түүхий эдийн эрэлтээс хамааралтай.

Эх сурвалж: Bne IntelliNews

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа

Published

on

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.

2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан.. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.

Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.

Улсын ирэх оны төсвийн хэлэлцүүлэг амаргүй нөхцөлд өрнөснийг бид бүгд харсан. Ажил хаялт, цалин тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлагад үндэслэн анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зохих өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 12.7 хувиар жигд танасан. Энэ хасагдсан, хэмнэгдсэн, өөрчлөгдсөн зүйлүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой байдлын салбарын төсвөөс огт хасаагүй, хөндөөгүй гэдгийг Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.

Ахмадуудын тэтгэврийг хуульд заасны дагуу инфляцын төвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр баталсан. Засгийн газраас тэтгэвэр нэмэх аргачлалыг боловсруулж батлахдаа бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална гэдгийг Т.Аубакир сайд онцлов. Багш нарын цалинг нэмэхдээ салбарын ажилтнуудын цалинг орхигдуулахгүй гэдгийг сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.

Дэлгэрэнгүй

Улс төр

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Published

on

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.

Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан юм.

Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.” гэснийг нарийвчлан зохицуулах, улмаар “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж шинэчлэн тусгахаар боловсруулжээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан заасан гэв.

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа явдалд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийг хуулийн дагуу явуулахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Улс төр

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

“Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ.

Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл, тус бүр 15 мянган ширхэг ширмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

800 гаруй ажилтан нь компанийнхаа 65 хувийн хувьцааг эзэмшдэг нь хамтын зорилго, хариуцлага, урт хугацааны үнэнч байдлын илэрхийлэл гэдгийг компанийн удирдлага танилцууллаа.

Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэн олгож байх, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөх хугацааг дөрөв биш, 6-10 жил болговол аж ахуйн нэгжүүдэд улам их дэмжлэг болохыг  хэлж байлаа.

Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуйн нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байна.

Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 2024 оны мөн үетэй харьцуулахад самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгджээ.

Цагаан алт хөтөлбөрийн үр дүнд гутал үйлдвэрлэгчид 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.

1993 онд байгуулагдсан “Брэнд гутал” ХХК 20 орчим ажилтантай. Жилд 15-20 нэр төрлийн, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн 11-15 мянган хос гутал үйлдвэрлэдэг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд жилд эмч, сувилагч нарт 100 хос арьсан углааш, зорилтот бүлгийн сургуулийн насны хүүхдүүдэд 140-150 хос, 2-5 настай, тархины саажилттай хүүхдүүдэд хөлийн 100 хос чиг баригч хандивладаг уламжлалтай юм.

Томоохон сүлжээ дэлгүүрүүд талбайнхаа тодорхой хэсгийг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг байх, хөдөлмөр хамгаалал, тусгай зориулалтын гутлын импортын гаалийн татварыг нэмэх, эх оронч худалдан авалтыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх боломж бүрдээд байна. Ингэснээр гутал үйлдвэрлэгчид гэхэд л 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд бодлогын болон хөрөнгө, татварын дэмжлэг үзүүлж байгаа нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал авчирсныг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.

 Энэ жил аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 400 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 389 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуйн нэгж нийт 478 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрт манлайлан оролцож, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, татвараа төлөх зэргээр бодит хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

Үүний дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.

Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, 2,200 орчим ажлын байр шинээр гарна.

Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болох юм.

Хөтөлбөрийн дүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрнэ.

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!