Улс төр
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна
Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин “Таван
толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний талаар болон компанийн үйл ажиллагаатай холбоотой “Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа”, “Барьцгүй” барьцалдуулагч, “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!” нийтлэлүүдийг хүргэж байсан билээ. Энэ удаа бас нэгэн баримтыг дэлгэж байна. Улс төр буцалж, Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй хэд хонов. Энэ зуурт зарим сайд “…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаа юун” гэдэг шиг шийд гаргаад эхэллээ. Тэр тусмаа, улс орны хамгийн тулгамдсан асуудлаар хариуцлагагүй шийдвэр гаргаад орхиж байх юм.
Тухайлбал, хотын утаа… Үүнийг үе үеийн төр засаг бүх шатандаа анхаарч, ажиллаж ирсэнтч одоог хүртэл олигтой гарц олж чадаагүй байгаа юм. Арай дөнгүүр нь “…Гэр хорооллын айлуудад сайжруулсан түлш түлүүлж утааг бууруулна” гэдэг шийдэл байсан. Ингээд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш хэмээх хачин сайн нэртэй түлш үйлдвэрлэж эхэлсэн.
Үйлдвэрлэсэн түлшийг нь хотын гэр хорооллынхон зургаан жил түлсэн. Утаа хэвэндээ, харин улсын хэдэн их наяд төгрөг уугиад алга болсон. Улмаар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оноос “…Хятадаас бэлэн түлш авчирч түлэх юм бол утаа бодитой буурна” гэж яриад унасан. Тэрээр “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арван нэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арван хоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг нь иргэд эсэргүүцсэн. Тэгээд тэр санаагаа татсан. Гэтэл энэ нь саяхнаас дахин яригдаад эхэлсэн. Ярьдаг “ам” нь өөрчлөгдсөн. Энэ яриа Эрчим хүчний сайд биш Хотын удирдлагуудаас гарч ирсэн. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2025 оны тавдугаар сарын 19-ний дугаартаа энэ талаар хөндөж “…“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу” хэмээн нийтэлж байв. Түүнд “…Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна.
Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана” гэж бичсэн. Хоёр жил ам дамжуулан яриад байсан хятад түлшний цаад учир ердөө энэ л дээ.
Тэгвэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сарын 16-нд 13 заалт бүхий 04 тоот тогтоол гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай уг тогтоолын 5-д “…“Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын А/94 дугаарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг Хотын удирдлага, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д өгсөн байна.
Мөн, ингэж Хятадаас бэлэн түлш импортолж түлүүлэхээс гадна, айл өрхүүдийн гэр, байшинг дулаалах, энэ ажлыг Зэвсэгт хүчин, ҮБХИС, ДХТС-иас хүч дайчлан гүйцэтгүүлэхийг БХЯ, ХЗДХЯ-ны сайд нарт даалгасан байна. Эндээс харахад, 2023 онд Б.Чойжилсүрэнг ярьж эхлэхээс жилийн өмнө мэр сэр яригдаж байсан хятад түлшний импорт хөдлөөд эхэлжээ.
Тухайн үед энэ нь хэн нэгний бизнес болох тухай ч дуулдаж байсан юм. Гэхдээ, үүний нөгөө талд, Монголоор дүүрэн байгаа хувийн хэвшлүүдийн сайжруулсан түлшний сайн санаачилга яагаад ч төрийн чихэнд хүрч, нүдэнд харагддаггүй нь хэвээр үлдэхээр болж байна. Бүр цаад талд нь, “Тавантолгой түлш” ХХК-ийг татан буулгах замаар өнгөрсөн зургаан жилд үр дүнгүй цацаж, зарим хэсэг нь хууль хяналтынхны анхааралд хүрээд байгах хэдэн их наяд төгрөгийн булхайг “булах” арга ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа, С.Одонтуяа “…Сайдаасаа нэгэнт бууж магадгүй” гээд дээрээс ирсэн зариа даалгаврын дагуу “…Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруул” гэсэн үүрэг, чиглэлийг үйлдсэн байж мэдэх юм. Ер нь тэгээд, “…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг бас бий дээ?!
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ

