Connect with us

Улс төр

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Published

on

sonin.mnУИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Нийслэлийн удирдлага гадаадаас нүүрсээр хийсэн түлш авч ирэх өвлийн гэр хорооллын халаалт болон утааны асуудлыг шийдвэрлэнэ гээд байгаа. Гэтэл УИХ-ын 53 дугаар тогтоолоор түлшинд төсвөөс мөнгө гаргахгүй гэсэн. Энэ хоёр зөрчилдөөд байна. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Манайх нүүрс зардаг улс. Тиймээс гадаадаас нүүрсээр хийсэн түлш авахыг дэмжихгүй. Монголд хагас кокс буюу утаа бага ялгаруулдаг түлштэй ойролцоо шинж чанартай антрацит хэмээх байгалийн нүүрс бий.

Мөн дунд хэмжээний чулуун нүүрс байна. Эдгээрийг холиод утааны шийдэл гаргаж болно. Тийм ч учраас магадгүй Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад үүрэг өгсөн байх. Хоёрдугаарт, 226 тэрбум төгрөг асар их мөнгө.

Түүний оронд сайн чанарын чулуун нүүрсээ шигшиж жигдхэн бүхэлтэй болгож савлаад нийлүүлэхэд шахмал түлштэй адилхан л үр дүн өгнө. Нутгийг нь хэлбэржүүлээд жигдхэн болгох ч боломжтой. Үүнийг технологийн үүднээс ялгаагүй л гэж үзэж байна. Түүнчлэн УИХ 53 дугаар тогтоолоо зургаадугаар сарын 05-нд гаргасан. Уг тогтоолд утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгийг зарцуулахгүй гэж тодорхой зааж өгсөн. Харин Нийслэл энэ тогтоолын дараагаар буюу зургаадугаар сарын 10-нд Хятадаас хагас коксжуулсан нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан. Тэгэхээр энэ тендер УИХ-ын дээрх тогтоолтой нийцэхгүй байна гэсэн үг.

-УИХ-ын дээрх тогтоолыг гүйцэтгэх шатны байгууллагаас зөрчилтэй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байсан. Ийм зүйл байж болох уу?

-Энэ бол УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталсан тогтоол. Энэ тогтоолын төсөлд ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг нь Агаарын бохирдлын сонсголыг зохион байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН, АН,ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг төлөөлсөн гишүүд бүгд байгаа. Хэрэв энэ тогтоол зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж ойлгогдож байна.

УИХ-ын тогтоолыг Засгийн газар, нийслэл хэрэгжүүлэх үүрэгтэй cубекть. Нийслэл Хятадаас нүүрс авах тендерээ энэ тогтоол гарсны дараа зарласан. Тогтоолд түлшинд төсвөөс мөнгө зарцуулахгүй гэдгийг тодорхой заасан. Тэгэхээр нэг бол тендерээ цуцлах нь эсвэл тогтоолоо өөрчлөх болох нээ дээ. Хэрэв тогтоол өөрчлөх юм бол Байнгын хороон дээр хүсэлтээ тавьж хэлэлцэгдээд УИХ-д нэгдсэн чуулган зарлаад тогтоолоо өөрчлөх юм байгаа биз. Тэрийг бол би мэдэхгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш.

-Нийслэл олон улсын худалдааны DАP гэрээгээр нэг тонн кокс түлшийг 735 мянган төгрөгөөр авах гэрээ хийсэн гэж байна. Энэ ямар учиртай гэрээ юм бол?

-DAP уу, мэдэхгүй. Ямар ч байсан хил дээр ирлээ гэхэд гааль, нөат нэмэгдэнэ. Ерөөсөө л Хятадаас боловсруулсан нүүрс авна гэдэг утгагүй бөгөөд асар их мөнгийг агаарт хийсгэх гэж байна. Уг түлшийг гэр хороолол даяараа түлж, шатааж үзээгүй. Үзээгүй зүйлийг лабораторийн дүгнэлт, туршилтын дүгнэлтээр масс хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар эрсдэл гарахыг би хэлж мэдэхгүй. Ийм эрсдэлтэй зүйлийг төсвийн мөнгөөр хийж болохгүй. Тэгээд ч Агаарын чанарын тухай хуулийн 14-р зүйлд Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ буюу түлш, хий, цахилгаан, зуух зэргийг урамшуулах гэж бий. Заавал төсвөөс мөнгө зарах агуулга байхгүй.

-Уг түлшээ 800 хэмд жигнэсэн, хүхрийг нь багасгасан, давирхайг нь салгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий өдөөгчтэй асалт удаан гэсэн тайлбарыг өгөөд байсан. Тэгэхээр эрсдэл нь гайгүй биш үү?

-Энэ тайлбарыг мэдэхгүй монгол технологич байхгүй. Бүгд мэдэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Монгол Улсад гурван хагас коксын үйлдвэр баригдаад гэр хороололд хоёр жил түлш ашигласан. Тэгэхээр хагас коксыг мэдэж байна. Төрөөс үүнийг дэмжихгүй гэсэн учраас эдгээр үйлдвэрүүд зогссон.

Би өөрөө түлшний мэргэжилтэн. Ямар давуу талтай, ямар эрсдэлтэйг нь мэдэж байна. Ийм их мөнгөөр түлшийг сайжруулах оролдлого ерөөсөө хэрэггүй. Дараа нь дахиад л утаа гарна, бөөн хэл ам болж эцэс төгсгөлгүй маргаан болно.

Тийм учраас богино хугацаанд энэ жилдээ ирэх таван жилд ингэнэ, тэгнэ гэхэд их мөнгө зарах биш бүх мөнгөө урт хугацааны шийдэлд буюу орон байранд, дахин төлөвлөсөн орон сууцанд эсвэл хашаандаа дулаахан байшин барих, гэрээ дулаалахад нь, цахилгаанаар халаах боломжтой болгоход нь зарцуулмаар байна. Дараа нь тухайн айл нүүрсээ түлнэ үү, хийгээр халаана уу өөрийнх нь сонголт. Боловсруулсан нүүрсээр хийх түлшний тухайд сайн чанарын чулуун нүүрс манайд зөндөө байна. Тэрийг жигдхэн шигшээд, жигд бүхэлтэйг нь шуудайнд уутлаад зарахад шахмал түлштэй адилхан. Энэ нүүрс нь дунд зэргийн дэгдэмхийтэй буюу тортог багатай. Хятадаас оруулж ирэх гээд байгаа хагас кокстой ойролцоо очихуйц дотоодын эх үүсвэрийг олж ашиглах хэрэгтэй.

-Таны яриад байгаа сайн чанарын чулуун нүүрс гэдгийг “Эрдэнэс таван толгой”-н 0 давхаргын чулуун нүүрс. Үүгээр түлш хийнэ гэвэл 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Тэгэхээр үүнийгээ зараад 300 тэрбум төгрөг болгож орлого олох нь хэрэгтэй гээд байсан?

-Тэгвэл бүх үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш, бүх юм аа Хятадаас оруулж ирэхгүй юу.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!