Connect with us

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Published

on

sonin.mnМонгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв. Уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцлоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд санал санаачилгатай ажиллахыг нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгов.

 

Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалах, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.

Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.

Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд, ээлжинд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.

 

Төрийн гадаад бодлогын залгамжийг хангаж ажиллахын зэрэгцээ экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад таатай орчныг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд дипломат төлөөлөгчийн газрууд онцгой анхаарч, санаачилгатай, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.

 

Мөн гадаад бодлого, үйл ажиллагааг эмх цэгцтэй, үр дүнтэй явуулахад гадаад бодлогын нэгдмэл байдал чухал гэдгийг онцлоод тус салбарт нэг цонхны зарчмыг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалт, бодлогын баримт бичиг, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг даалгалаа. Гадаад арга хэмжээ, уулзалт хийхдээ салбарын яамтай заавал зөвшилцөж байхыг Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд мөн үүрэг болгожээ.

 

Уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авлаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!