Connect with us

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэ үеэр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

 Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар Тэнгэр уулын энгэр, Иссык-Куль нуурын эрэгт орших Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт Киргиз Улсад төрийн айлчлал хийж, эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны манлайлал дор өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж буй танай сайхан улсын хөгжил дэвшил, Киргизийн найрсаг ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншилтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл өндөр байна.

Манай төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргиз Улсын төр, Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү төрийн айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн, уламжлалт сайхан харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байна.

Киргиз Улсын Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Садыр Жапаров Таны 2023 онд манай улсад хийсэн анхны төрийн айлчлал үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн богино хугацаанд ийнхүү харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл хэмээн үзэж байна.

Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч Та бид, хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.

Өнөөдөр бид өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилт болон төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэн, ирэх он жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2023 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан билээ.

Тэгвэл энэ төрийн айлчлалаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Мөн Монгол, Киргизийн харилцааг хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, цахим шилжилт зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт нэмж гарын үсэг зурлаа.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө,

Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Та бидний ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйд баяртай байна.

Та бид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохирсны дагуу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргиз Улсад экспортлох, мөн загас, загасан бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй  “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд монголын ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан хоёр улсын зах зээлд төдийгүй олон улсад танигдсан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.

Манай улс 80 гаруй сая толгой малтай, жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Энэ хүрээнд бид мал үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.

Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор Монгол Киргизийг холбосон худалдааны дөт зам, шинэ чиглэлийг бий болгох, Бишкек-Өрөмчи–Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Соёлын харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орны ард иргэдийг холбох “гүүр” байсаар ирсэн билээ.

Манай хоёр улс “Соёлын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг” болон “Түүх, археологийн судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр” байгууллаа.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр анх удаа Киргиз Улсад уран бүтээлээ толилуулж, мөнх хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар Киргиз анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бид Монгол, Киргизийн харилцааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулахаар тохирсон нь бодит ажил хэрэг боллоо.

Мөн хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс эхлэн монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнууд харилцан сургахаар тохиролцлоо.

Эрхэм Ерөнхийлөгч Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ярилцаж тохиролцсоны дагуу “Монгол-Киргизийн аялал жуулчлалын форум”-ыг 2024, 2025 онд Улаанбаатар, Бишкек хотноо амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол-Киргизийн бизнес форум, морин хуурын үзэсгэлэн худалдаа болон фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхийн зэрэгцээ улс орноо харилцан сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэ ялдамд Киргиз Улсад үйл ажиллагаа эрхэлж буй Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллаж буй Киргизийн талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Киргизийн найрсаг ард иргэдийг манай сайхан оронд өргөнөөр зочлохыг  урьж байна.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байна. Монголын гоо сайхны болон эм, эмийн бүтээгдэхүүн Киргизийн зах зээлд хэдийнээ танигдсаныг  сонсоход таатай байна.

Цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, Киргизийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахын төлөө байна.

Бид цахим хөгжил, инновацын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

Айлчлалын хүрээнд хоёр улсын орон нутаг, муж хооронд ах, дүүгийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хоёр баримт бичгийг байгуулж, орон нутаг, муж хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Хоёр улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар тогтож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулахаар боллоо.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Киргизийн ахан дүүсийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!