Хэлэлцэх бэлэн төсөлгүйн улмаас УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан ердөө 15-хан минут үргэлжиллээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Байнгын хороод хуулийн төслүүдээ яаралтай хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Тэрбээр “Байнгын хороодоор хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй удаж байгаа учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо цөөрч байна. УИХ-ын зургаан Байнгын хороодод хэлэлцэх эсэх шатанд яваа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд яваа 11, нийт 25 хууль, тогтоолын төсөл байна. Байнгын хороод эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хурдлуулж, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлөөр хангахыг Байнгын хороодын дарга нарт үүрэг болгож байна.

УИХ-ын гишүүд Байнгын хорооныхоо хуралд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Байнгын хорооноос хуулийн төслүүдийг ажлын хэсэгт буцааж байна. Тухайлбал, өчигдөр Хууль зүйн байнгын хорооноос нэг төсөл гурав дахь удаагаа ажлын хэсэгт буцаалаа. Нэг, хоёрхон заалтан дээр гишүүд хоорондоо маргалдаж, асуудлыг хойшлуулах тохиолдол гарч байна. Тиймээс УИХ-ын гишүүд зөвшилцөх замаар ажиллахыг хүсэж байна. Нэг том хуулийн ганцхан заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод хэлэлцүүлэг нь зогсож болохгүй” гэв.