УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Батчимэг нарын есөн гишүүний санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр О.Номинчимэг гишүүн “16 нас хүрсэн хүмүүс скүүтэр унахыг зөвшөөрөх юм байна. Скүүтэр, eco bike зэргийг явган хүний замаар явахыг зөвшөөрөхөөр оруулж ирснийг эсэргүүцэж байна. Дугуйн замгүй бол явган хүний замаар хамтдаа явж болно. Явган хүний замаар явахдаа 10 км/цагаас хэтрэхгүй хурдтайгаар явна гэж төсөлдөө тусгасан байна. Энэ бол амьдрал дээр хэрэгжих боломжгүй зохицуулалт. 10 км/цагаас хурдаа хэтрүүлэхгүй байгааг нь хэн хянах юм. Мөн явган хүн давуу эрхтэй юү, скүүтэр давуу эрхтэй юү гэдэгт скүүтэр гэдэг хариулт өгч байна. Явган хүний зам бол явган хүнийх л байх ёстой” гэлээ.