Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2002 оноос хойш хуулийн үйлчлэл хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгуулж байгаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий. Ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээрийн хөрөнгийг шүүхээр хураадаг болно. Гэхдээ Иргэний шүүхийн журмаар хураах өөрчлөлт оруулсан. Ял шийтгэлгүй хөрөнгийг нь хураана гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд ял шийтгэлийн асуудал ярих нь Эрүүгийн хуульд бололцоогүй болчихоод байгаа юм. Тиймээс олон жил хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар явж ирсэн. Үүнийг өөрчлөх гэж уг хууль байгаа.
Өнөөдөр хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ. УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ” гэв.
