Connect with us

Технологи

AI ашиглан Жибли студийнх шиг зурагтай болох нь аюултай юу?

Published

on

Сүүлийн үед цахим орчинд Японы алдарт Жибли студийн зураачдын хэв загварыг дуурайлган AI буюу хиймэл оюун ухаанаар зургаа зуруулах үзэгдэл ихэсчээ. Мэдээж Хаяо Мияазакигийн алдартай хүүхэлдэйн кинонуудын дүрслэл, зураглал бол дахин давтагдашгүй хийгээд маш их хөдөлмөр, цаг хугацааны үр шим билээ. Гэтэл орчин үеийн технологи тэрхүү хөдөлмөр, цаг хугацааг хэдхэн секундэд дөтлөн Жибли студийнхтэй яг ижил хэв загвар, дүрслэлтэй зургийг бодит зурагнаас үүсгэж байгаа нь олон талаараа асуудал хөндөж байна.

ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛДЭЛ

Жибли студи өөрсдийн бүтээлээ оюуны өмчөөр хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, тэдний дүр, фон, хэв маягийг зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах нь хууль бус үйлдэл. Гэвч хиймэл оюун ухааны моделиудыг тус студийн хүүхэлдэйн кино, зураг, постер дээр сургаж, зураас, цэг, өнгө будаг зэргийг нь ямар ч алдаа мадаггүй, яг ижилхэн зурдаг болжээ. Үүний тулд маш их өгөгдөл, олон цагийн боловсруулалт, эрчим хүч хэрэгтэй болсон нь гарцаагүй.

Одоогоор “ChatGPT”-ийг хөгжүүлэгч “OpenAI” компанийн зүгээс оюуны өмч, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар хийгээгүй байна.

Нөхцөл байдал даамжирч, Жибли студийн зүгээс гомдол гаргавал одоо та бүхний үүсгээд буй зурагнууд олон нийтийн цахим сүлжээнээс устахад гайхах зүйлгүй. Facebook, Instagram зэрэг платформууд зохиогчийн эрх, оюуны өмч дээр онцгой анхаардаг. Мөн “OpenAI” компанийг шүүхэд өгвөл энэ маргаан улам даамжирна.

Жибли студийн хуулийн баг өмнө нь зөвшөөрөлгүй оюуны өмчийг нь ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газруудыг шүүхэд өгч байсан түүхтэй.

ХУВЬ ХҮНИЙ НУУЦЛАЛ

Хиймэл оюун ухаан ашиглан зураг бүтээх нь таныг мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлд оруулдаг гэдгийг та мэдэх үү? Олон хүн энэ талаар мэдэхгүй, бодохыг ч хүсдэггүй. Ганц гайгүй зурагтай болж л байвал ард нь юу өрнөдөг эсэх талаар бодох сөхөө байдаггүй. Хиймэл оюун ухаан өөрөө мэдээлэл, өгөгдөл/дата/ цуглуулдаг. Цуглуулсан мэдээлэл, өгөгдлөө боловсруулж, өөрийгөө сургаж, улам хүчирхэг, ухаалаг болдог зүйтэй.

Таны зургаа зуруулахаар оруулсан бодит зурган дээр дүн шинжилгээ, боловсруулалт хийнэ. Таны биометрийн мэдээлэл, нууцлал, зурагны байршил, огноо, зураг дээрх өгүүлэмж, утга агуулга гээд л олон төрлийн мэдээллийг нэг доороос авах боломж бүрдэнэ.

Швейцарьд төвтэй “Proton Privacy” компанийн мэдэгдэлд “Таны зурагнуудыг хиймэл оюун ухаан сургахад ашигладаг учир таны мэдээллийг өөр зорилгоор хэрэглэсэн эсэхийг мэдэх, удирдах боломжгүй. Олон хиймэл оюун ухааны моделиуд тэр тусмаа зураг үүсгэдэг моделиуд нь маш том өгөгдлийн баазтай байдаг. Зарим тохиолдолд таны зураг ямар нэгэн зөвшөөрөлгүй ашиглагдаж байж болно. Үүнийг компаниуд зар сурталчилгааны зорилгоор ашигладаг эсвэл гуравдагч этгээдэд зардаг” гэв.

Харин өөр нэгэн AI судлаачийн мэдэгдэлд “Хиймэл оюун ухаанд зургаа өгч, харилцан яриа өрнүүлсэнээр та метадата, байршил, тэр ч байтугай эмзэг мэдээллээ алдах эрсдэлтэй. Ялангуяа хүүхдүүдийн хувьд. Хэрэв хиймэл оюун ухааны ямар нэгэн хэрэгсэл ашиглахад үнэгүй байгаа бол таны өгөгдөл өөрөө төлөх төлөөс чинь болно. Хамаагүй ээ гэж бодож байвал тэр л биз. Гэхдээ мэдэж байхад илүүдэхгүй” гэжээ.

ЁС ЗҮЙН СОРИЛТ

Жиблигийнх шиг зурагтай болохыг хүн бүхэн л хүсч байгаа нь лавтай. Угаасаа тус студийн бүтээл бүрийн дүрслэл үнэхээр гайхалтай, онцгой. Гэхдээ Жиблигээс зөвшөөрөл аваагүй гэдгийг нь мэдсээр байж оюуны өмчийн хулгайг зөвшөөрч, өөхшүүлж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Жибли студийн олон жилийн хөдөлмөрийг хэдхэн секундэд хялбарчилж, тэр уран бүтээлчид, зураачид, зохиолчдын ажлын үнэ цэнийг алдагдуулж байгаа нь зөв үү?

Жилийн өмнө Хаяо Мияазаки хиймэл оюун ухаанаар хийсэн хүүхэлдэйн кино үзжээ. Үзсэнийхээ дараа тэрбээр “Энэ бол амьдралыг доромжилж буй хэрэг гэдгийг л би мэдэрч байна. Бидний цаг ч дуусч байна даа. Хүмүүс бид өөрсдөдөө итгэх итгэлээ алдаж байх шиг” хэмээн ярьж байв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

 Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Published

on

By

 Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Монгол Улсад шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гаргаж буй залуу эрдэмтэн, эмч нарын амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” болон “Шилдэг залуу эмч” цол тэмдгээр шагналаа.

Энэхүү шагналыг хүртсэн залуучууд Монголын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бөгөөд тэдний ажил нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц, шинэ дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт ухааныг эх орондоо нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа нь химийн судалгаагаар дэлхийд нэр хүндтэй бүтээлүүдийг гаргаж, Монголын химийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан бол, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш Бат-Оргилын Төрмандах нь ногоон эрчим хүчний салбарт шинэлэг төсөл, инновац хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу эмч нарын тоонд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт болон Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар багтаж байна. Эдгээр мэргэжилтнүүд нь тусгайлан хөгжүүлсэн мэс заслын техник, оношилгооны шинэ аргачлалуудыг эх орондоо нэвтрүүлж, өвчтөний амьдрах чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Дэлхий

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ

Published

on

By

 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу  16 наснаас дооших хүүхдүүдэд  олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.  

Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм. 

Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь  16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон  дэлхийд анхдагч хууль юм.

 Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ.  Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг  үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна. 

Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Нийгэм

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Published

on

By

  “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд  Говь-Алтай аймгийн  Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо 

Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд  манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт,  мөнгө,  хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль,  Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.

Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна.  Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!