Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр ээлжит бус VIII хурлаараа хуралдаж, ирэх жилийн хөгжлийн зорилго, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталгаажууллаа. Төсвийн нийт дүн 4.6 их наяд төгрөгөөр төлөвлөгдлөө.
Ирэх оны төсвийн суурь орлого 3.4 их наяд, зарлага 2.6 их наяд төгрөгөөр тооцогджээ. Улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 42.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь хотын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм. Мөн төсвөөс гадна нийслэлийн хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс тусгай зээл, санхүүжилтүүдийг ашиглах боломжийг нээж өгсөн байна.
Хөгжлийн чиглэл ба хөрөнгө оруулалтын эрчим
Ирэх жилийн хөрөнгө оруулалтын 52.7 хувийг авто замын салбарт зарцуулах бөгөөд эдгээр төсөл нь хотын хөдөлгөөний аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Тухайлбал, 12 байршилд нийт 53.74 км туслах гудамж, авто замын 33.8 км шинэчлэл, гүүрэн гарцын барилга байгууламжийг тохижуулах ажлыг эхлүүлж байна. Мөн “Туулын хурдны зам” төслийг 2025 онд гэрээ байгуулан, 2026 ондоо дуусгах зорилгоор ажил эхлүүлжээ.
Нийгмийн салбар болон бусад чиглэлүүд
Нийгмийн салбарт 8.2 хувийг зарцуулах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, орчны тохижилт зэрэг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд түлхүү анхаарч буйг илтгэнэ. Мөн бусад салбаруудад зарцуулах хөрөнгө оруулалтууд нь хотын дэд бүтцийн хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалал, аюулгүй байдлын салбаруудад хуваарилагдсан байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын бодлого нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн суурь болно. Зам, гүүр, инженерийн дэд бүтцийн шинэчлэл нь хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах бололцоог бүрдүүлнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн идэвхжүүлэл, ажлын байр нэмэгдүүлэх боломжуудыг нээнэ.
Эх сурвалж НИТХ
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн